БУЛГАН: Зурвас газрын байгалийн гамшигт үзэгдэл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-12 08:27:43

Булган, 2024 оны зургаадугаар 11 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Сэлэнгэ суманд 2024 оны зургаадугаар сарын 10-ны 18 цаг 25 минутаас эхлээд 24 минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо, мөндөр, салхины улмаас зурвас газрын байгалийн гамшигт үзэгдэл боллоо.




Салхины хурд 28 метр секунд байсан бөгөөд Ерөнхий боловсролын сургууль, Сурагчдын дотуур байр, Спорт заал,  Эрүүл мэндийн төвийн дээврүүд хуурч, 4 айлын гэр, 151 өрхийн хашаа, наадмын талбайн асар хашаа 1 байшингийн мансард дээвэртэйгээ нурсан байна.


Цахилгааны 7 тулгуур шон унасан, мөн өрхийн хэрэглээндээ тариалсан 100 гаруй айлын хүнсний ногоо, хүлэмж цохигдож үгүй болсон зэрэг эрсдэлийн хэмжээг тогтоож нөхөн сэргээхээр сумын Засаг даргын ажлын алба, Онцгой байдлын газар ажиллаж байна.


Аймгийн ИТХ-ын дарга сумын удирдлагууд болон сумын онцгой комиссын гишүүдтэй уулзаж, байгалийн аюулт үзэгдэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонсож, түргэн шуурхай ажиллах, аймгийн онцгой комиссоос "Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-д хохирол, нөхцөл байдлын талаар санал хүргүүлэх чиглэл өглөө.





Байгалийн гэнэтийн үзэгдэл Сэлэнгэ мөрний сав дагуу сумын төвийг дайран өнгөрсөн бөгөөд бусад тариалангийн талбай бага өртөж хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүйг Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч Б.Мөнхтүвшин мэдээллээ..



Холбоотой мэдээ