ХОВД: Мөөгөн хад
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут
сум нь далайн түвшнээс дээш 2400 гаруй метрт оршдог
бөгөөд Монголын хамгийн өндөр цэгт орших суурин газар гэдгээрээ онцлог юм.
Тус сум нь Улаанбаатар хотоос
1510 км, Ховд аймгийн төвөөс 67 км зайтай.
Ховд аймгийн нутгаар, тэр дундаа
өндөр уулын бүсээр аялах зорилготой иргэд Дуут сумын нутгаар явах боломжтой.
Дуут суманд нутгийн иргэд,
аялагчдын сонирхол татахуйц, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар олон байгаа.
Үүний нэг бол Мөөгөн
хад.
Энэ хад нь Дуут сумын төвөөс 10
гаруй км зайд, Хойд сэнхэрт байршиж байна.
Мөн Бүргэдтэй хайрхан, Жинст,
Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн түвшнээс дээш 3500
метрээс өндөр өргөгдсөн, Алтайн нурууны сүрлэг оргилууд тус сумын
нутагт бий. Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн
урсгалт гол, уулын сүрлэг хавцлуудыг Дуут сумын нутгаас үзэх боломжтой.
Мөн Дуут сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болох юм.