БАЯНХОНГОР: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-19 15:04:52

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 22-ныг дуустал Баянхонгор аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Хур борооны хэмжээнээс шалтгаалан гол, мөрний усны түвшин нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрддэг тул Түйн голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж байгаа иргэд, аялагч, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, баталгаат зам, гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулав.


Үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх талаар зөвлөмжийг хүргэе.

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулах
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ