Израилын эргээс 3300 жилийн өмнө живсэн эртний хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2024-06-21 11:35:41

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 21 /BBC/. Газрын тос, байгалийн хийн төлөвлөгөөт хайгуулын үеэр Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс 3300 жилийн настай, бүрэн бүтнээрээ хадгалагдсан олон зуун шавар ваар бүхий эртний хөлөг онгоцны үлдэгдэл олдсон тухай Израилын археологичид мэдээлжээ. 


Эртний хөлөг онгоцны үлдэгдэл Израилын хойд эргээс 90 км-ийн зайд 1800 орчим метрийн гүнд байжээ. Израилын эртний олдворын газрын шинжээчдийн хэлснээр, живсэн хөлөг онгоц бол энэ бүс нутгаас олдож байсан хөлөг онгоцнуудаас хамгийн эртнийх ажээ. Уг хөлөг онгоц далайн шуурганы үеэр эсвэл далайн дээрэмчдийн халдлагын улмаас живсэн байж магадгүй гэж таамаглаж байна. Энэхүү олдвор нь тухайн үеийн далайчид нар, оддоор зүг чигээ баримжаалан далайгаар аялдаг байсныг харуулж байна гэж шинжээчид ярилаа. 


Хөлөг онгоцны үлдэгдлийг Израилын эрэг хавиас шинэ орд газар илрүүлэх хайгуулын үеэр нефть, хийн “Energean” компанийн шумбагч аппаратаар илрүүлжээ. 


Одоогоор ердөө хоёрхон ваарыг тусгай хэрэгслээр далайн ёроолоос татаж гаргажээ. Мэргэжилтнүүд олдворыг тэр даруй судалж үзээд хүрэл зэвсгийн үеийн Канаан улсын ачааны хөлөг онгоц болохыг тогтоосон байна.


Энэ бол үнэхээр шуугиан тарьсан олдвор гэж шинжээчид мэдэгджээ. Учир нь Газар дундын тэнгисээс хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах хоёр л ачаатай хөлөг онгоц өмнө нь олдож байв. Тэдгээр хөлөг онгоцнуудыг Туркийн эргээс холгүй ердийн шумбагч аппаратаар илрүүлж байжээ. Шавар вааруудыг энэ зун Иерусалим дахь Израилын үндэсний археологийн музейд тавихаар төлөвлөж байгаа аж. 


Холбоотой мэдээ