ДУНДГОВЬ: Аймгийн анхны тогтмол хэвлэл - Чойбалсанч сонин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-21 16:20:04
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн түүхэнд анхны тогтмол хэвлэлийг аймгийн Намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанаас 1948 оны 5 дугаар сарын 1-нд гаргаж байжээ.


Энэ бол анхны хэвлэл "Чойбалсанч" сонин юм. Тус сонин 1961 оноос Улаан туг, 1991-1998 онд Хотол чуулган нэрээр гарч, нэг удаад 5000-7500 хувь, жилд 96 дугаар хэвлэгдэн гарч байжээ.


1998 онд "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль" батлагдаж, бүх аймгийн сонин татан буусны дараа тус аймагт 1993 оны 2 дугаар сараас анхны чөлөөт хэвлэл "Хадаг" сонин гарч, харин 2013 оны 4 дүгээр сараас нэрээ өөрчлөн "Дундговийн амьдрал" сонин анхны дугаараа гаргаснаас хойш өнөө ч аймагтаа цор ганц чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсоор байна.  


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс цаасан сонин хамгийн өртөг өндөртэй нь боловч түүний үнэ цэн өндөр байдаг. Цаасан сонины үнэ цэнийн тухай Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, ахмад сэтгүүлч, "Дундговийн амьдрал" сонины  эрхлэгч С.Пүрэвсүрэн хэлэхдээ “Сонин бол уламжлалт мэдээллийн хэрэгсэл. Радио, телевиз, интернэт огт байхгүй үед гагцхүү сонин л гарч, ард түмнийг соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж байсан. Цаасан сонин цаашид ч байх болно гэдэгт би итгэдэг.

Он цагийн шалгуурыг давж, мэдээ мэдээллийг хүргэхээс гадна түүхийн үнэт эх сурвалж болдгоороо сонин бүх мэдээллийн хэрэгслээс "хамгийн чухал" нь юм.  Цагийн шалгуурыг давж үлдэнэ.

Хүний таван мэдрэхүйд хүрэх мэдээллийн хэрэгсэл бол сониноос өөр байхгүй. Хүн сониныг гараар барьж, нүдээр харж, чихээр сонсож, будаг цаасны содон үнэрийг үнэртэж, бас амталж таашаал авдаг учраас сонин хамгийн үнэ цэнтэй” гэжээ. 









Холбоотой мэдээ