ГОВЬ-АЛТАЙ: Алтай сум БНХАУ-ын эрчим хүчний системд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-25 15:04:58

Говь-Алтай, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сум БНХАУ-ын эрчим хүчний сүлжээнд холбогдлоо. 


Тус аймгийн төвөөс хамгийн хол орших Алтай сум улсдаа 24 цагийн байнгын эрчим хүчинд холбогдоогүй ганц сум байсан бол ийнхүү зургаадугаар сарын 15-нд БНХАУ-ын эрчим хүчний сүлжээнд холбогдон 24 цагийн тог цахилгаантай боллоо. 


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байнгын эрчим хүчээр хангах ажлыг олон жил хөөцөлдсөн юм. 2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нар, салхи хосолсон хэлбэрээр 24 цагийн цахилгааны эх үүсвэртэй болгох туршилт судалгааг эхлүүлсэн боловч салхин станцын туршилт үр дүн муутай гэсэн хариу гарч байсан. Харин 2022 онд  Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 1.1 сая ам.долларын санхүүжилтээр нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтад оруулсан. Энэ төслийн хүрээнд Алтай сумын нарны цахилгаан станцын хүчин чадлыг 600кВтц-аар өргөтгөж, 3,000 кВтц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг шинээр суурилуулж, 150кВт-ын 2 дизель станцтай болж, хүчин чадал нь 2 дахин нэмэгдэж байсан бол ийнхүү өнөө жил БНХАУ-ын эрчим хүчийг ашиглан чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангагдах боломжтой боллоо.

Холбоотой мэдээ