Өнчин, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй болон унаач хүүхдийн эрхийг хамгаалахад хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүүтэй хүүхдийн эрхийг хамгаалах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийг албан хөдөлмөр эрхлүүлж байгаа болон амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, даатгалын мөнгөн тэтгэмж хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах үйлчилгээнд зориулагдсан эсэх талаар судалгаа, дүн шинжилгээ хийхээр харилцан тогтов.
Төрийн байгууллагууд хагас, бүтэн өнчин хүүхэдтэй холбоотой статистик мэдээ, бүртгэл, тайланг
дутуу гаргадаг, зарим мэдээллийг огт гаргадаггүй, өөр өөр шалгуур, маягт,
программ ашигладгаас улсын
хэмжээнд хагас, бүтэн өнчин
хүүхдийн мэдээллийг бүрэн гаргахад хүндрэлтэй байгааг Ж.Хунан тэмдэглээд, “Гэр бүлийн тухай
хуульд “Хүүхэд асран
хүмүүжүүлэх байгууллагад, асран
хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд
хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна” гэж заасан ч бодит байдалд Засаг
дарга, шүүхийн захирамжид эцэг, эхээс хүүхдэд өвлөгдөн үлдэж буй өмч, хөрөнгийг тусган шийдэх нь хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, өнчин хүүхдийн нэр дээр
өмч, хөрөнгө, өвлөх эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоох, хэн, хэдий хугацаанд, ямар журмын дагуу
хамгаалахыг дэлгэрэнгүй
зохицуулах эрх зүйн орчин хэрэгтэй”-г
онцолж байлаа.
Учир нь ХЭҮК-ын захиалгаар
хийсэн “Хагас, бүтэн өнчин
хүүхдийн эрхийн хэрэгжилт” судалгаанд асрамж халамжийн төвд шилжин амьдарч буй хагас, бүтэн
өнчин хүүхдүүдээс эд хөрөнгийн талаар лавлахад 12-18 насны 90 хүүхдийн 73 хувь нь мэдэхгүй, 16 хувь нь эд
хөрөнгө байхгүй, 11 хувь нь ямар нэгэн эд хөрөнгө бий гэж хариулсан байна.
Мөн, байнгын
асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан
дэмжигчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдгаас үүдэн өрхийн амьжиргааны түвшин
буурах, хөгжих, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, шим тэжээлтэй хоол
хүнс, орон сууцаар хангагдах
эрх зөрчигддөг. Ялангуяа
байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх санхүү болон сэтгэл зүйн
дарамтад өртөн, ядуу, бага орлоготой өрхийн ангилалд
шилжиж байгаа тул тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлагатай байна. “Уналт таталтын эсрэг, эмийн жагсаалтад багтсан эмийн нөөц,
хүртээмжийг нэмэх, орон нутагт түгээх, даатгалд хамруулах, гадаад улсад
эмчлүүлж эх орондоо ирсэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдэд бичиж өгсөн эм манай улсад
бүртгэлгүй бол яаралтай горимоор бүртгэж, даатгалд хамруулдаг зохицуулалт хийх,
үүнд хүүхэд хамгааллын чиг
үүрэг хүлээдэг төрийн байгууллагатай
хамтран ажиллах зорилготойгоо
Ж.Хунан илэрхийлсэн юм.
Монгол Улсад 2022 оны байдлаар 1,282,373 хүүхэд
бүртгэгдсэнээс хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911, байнгын асаргаа
шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12,882 хүүхэд байв. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилд
багасаж, харин хагас өнчин, байнгын асаргаа шаардлагатай
хүүхдийн тоо нэмэгдсэнийг ХЭҮК мэдээлжээ.