ЗАВХАН: Элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнг 14 байраар урагшлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-08 16:25:33

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалт орон даяар явагдаж дууслаа.

Энэ жил Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын нийт 886 төгсөгч, өнгөрсөн жилийн 96 шалгуулагч элсэлтийн шалгалтад оржээ.


Завхан аймгийн хүүхдүүд өнгөрсөн жил элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнгээр 20-р байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 6-р байрт оржээ.


Тухайлбал энэ жилийн шалгуулагчид орос хэлний хичээлээр улсад 2-р байр, монгол хэлний хичээлээр 5-р байр, хими, математикийн хичээлээр 6-р байр, биологийн хичээлээр 7-р байрт эрэмбэлэгджээ. Элсэлтийн шалгалтын нэгдсэн дүнгээр Завхан аймаг 6-р байрт орсон байна. 

Завхан аймаг өнгөрсөн жил сурлагын чанарыг сайжруулах, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийг төгсөх ангийн хүүхдүүд, багш нарын сургалтын үйл ажиллагааг дэмжих, сургалтын агуулга, багш, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах гэхчлэн боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласан байна. Аймгаас бодлогоор дэмжиж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төвийн хамт олонтой хамтран ажилласны үр дүн гарчээ.


12-р ангийн хүүхдүүдэд олон улсын pearson хөтөлбөрийг өнгөрсөн жил орон нутгаас анх удаа хэрэгжүүлсэн. Ирэх хичээлийн жил дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн жил нэг хүүхэд 800 оноо авсан. Энэ жил Улиастай сумын Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч Мягмарсүрэнгийн Анударь, Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Мэндбаярын Дуламсүрэн, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч Түвдэнгийн Хонгорзул, Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч Доржрагчаагийн Чаминчулуун нар 800 оноо авлаа.


Өнгөрсөн хичээлийн жилд бид багш нарын нийгмийн асуудалд онцгой анхаарч 40 багшид байрны урьдчилгаа өгсөн. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарыг 9 дүгээр сараас өмнө зөөврийн компьютероор хангана. Аймгийн ерөнхий боловсролын бүх сургуульд цахим, ухаалаг танхим байгуулсан байна. Боловсролын салбарт ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудад бодит хөрөнгө оруулалтыг оруулахад илүү анхаарч ажиллажээ.


Ирэх хичээлийн жилд багш нарын заах арга зүйд онцгой анхаарна. Түүнчлэн олон улсын хөтөлбөрүүдийг орон нутагт татаж боловсролын салбартаа хэрэгжүүлнэ.


Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын салбарт илүү анхаарч хамтран ажилласны үр дүн гарч, энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 14 байраар урагшилжээ. Гэхдээ монголын түүх, англи хэл, нийгэм, газар зүйн хичээлээр улсын дунджаас бага оноо авсан байна. Тиймээс ирэх жилд илүү анхаарч мэргэжлийн байгууллагууд, багш, суралцагчдаа бодлогоор дэмжиж ажиллана гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 




Холбоотой мэдээ