СЭЛЭНГЭ: Түүхийнхээ хуудсыг шинэ арслан, заанаар зузааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-13 12:02:55

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103, Сэлэнгэ аймаг байгуулсны 93 жилийн ойн баяр наадамд хүчит 128 бөх зодоглож, Сайхан сумын харьяат аймгийн заан О.Төрбат түрүүлж арслан, Орхонтуул сумын заан С.Оргилбаатар үзүүрлэж, Мандал сумын харьяат сумын заан Х.Жанболат аймгийн начин цол хүртлээ.


Ерөө, Орхон, Хараа гол, Сэлэнгэ мөрнийхөө усаар ундаалж, Таван хан, Ноён, Сонгоол уулс, түмний их шүтээн “Ээж” модондоо сүслэн залбирч, Монгол Улсынхаа умард дархан хилийг сахин хамгаалж, улс орноо эрүүл, аюулгүй, эх нутгийнхаа хөрсөнд ургасан буудай, төмс, хүнсний ногоогоор эх орон, эгэл түмнээ хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа ажилсаг иргэд, бүтээлч өрхүүдтэй өөдөө заяат Сэлэнгэ түмэн өргөн дэлгэр наадлаа.


Сэлэнгэ аймаг нь 41.1 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Нийт нутгийн 50.6 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 43.6 хувь нь ойн сан, 8.2 хувь нь улсын тусгай хэрэгцээний, 0.5 хувь нь усан сан бүхий бүс нутаг.

 


 

Сэлэнгэ аймгийн нутаг Орхон-Сэлэнгийн бэлчир, Буур хээрийн талд 1179 онд Чингис хаан Жамух, Тоорил хаантай хамтарч “Гурван мэргэд” аймгийг бут цохисон нь Их Монгол Улсыг байгуулах аугаа их үйл хэргийн эхлэл болсон түүхтэй. Манай эриний XIV-XVIII зууны үеэс Хиагт, Хүдэр, Зэлтэрээр олон улсын худалдаа явагдаж дэлхийн капитал Монгол оронд нэвтрэн орох үүд хаалга нь болж байжээ.

 

Эх түүхийн өлгий, Сэлэнгэ аймаг 1931 онд “Газар тариалангийн аймаг” нэртэйгээр байгуулагдаж, 1934 онд олны хүсэлтээр Сэлэнгэ аймаг хэмээх өнөөгийн нэршлээ олсон байна. Тус аймаг нь Монгол орны умард хэсэг Сэлэнгэ мөрөн, Ерөө, Орхон, Хараа голын үзэсгэлэнт ай сав бүхий ойт хээрийн бүсэд оршдог.

 


 

Холбоотой мэдээ