ДОРНОГОВЬ: Хутагтуудын өлгий нутаг Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-16 15:51:25

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна.


Хөвсгөл сум Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харьяалагдаж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа 1924 онд Хутаг уулын хошууны Цээл сум, Ойдог зангийн сум, 1925 онд Өлзийт, 1929 онд Жавхлант, 1931 онд Гурван Хөвсгөл уулын энгэрт төвлөрч Хөвсгөл сум болжээ. Энэ нутагт Дулаанхарын уул, Шувуун шанд, Гуа тээг, Жавхлант хайрхан хэмээх эртний уул нурууд, Чингис хааны цагаан сүлдийг тахиж байсан Сүлдэн хөх толгой, Өлзийт хайрхан, Тооройн төгөл, Харанхуй ам, хярсын тал, бор нурууны хоолой, зэрэг өвөрмөц уул хад, цэлийсэн өргөн уудам тал, гүвээ толгод бүхий говь хөндий хосолсон байдаг.




Энэ нутагт говийн гурван хутагт мэндэлсэн. Тухайлбал, говийн нэгдүгээр ноён хутагт Авгаангончигийн бунхан буюу “Бурхант”, говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг “Шувуун шанд”, говийн есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэвийн төрсөн нутаг бий.


Эрчим энерги шингэсэн нутгаас ардын хувьсгалын партизан Ц.Сүхээ, Эрүүлийг хамгаалахын сайд, доктор Ж.Шийнэн, академич Н.Ишжамц, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн физикийн доктор Ч.Цэрэн, геологийн ухааны доктор академич О.Төмөртогоо, богино өгүүллэгийн зохиолч Ж.Лхагва, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж зэрэг нэр алдар нь түгсэн олон хүмүүс төрөн гарчээ.


Түүхт 100 жилийн ойн наадмаар хүчит 64 бөх барилдаж, зургаан насны морь уралдаж байна. Наадам маргааш өндөрлөнө.

Холбоотой мэдээ