Аймгийн дулааны станц өрөө төлөөгүйгээс Могойн голын уурхайн үйл ажиллагаа доголджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-11 13:31:07

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд нараар ахлуулсан баг Цэцэрлэг сум, Могойн голын уурхай, Цагаан-Уул сум, Бүрэнтогтох сумдад  ажиллав.

Энэ үеэр  аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар баталсан Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" мөрийн хөтөлбөрийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонирхсон асуултуудад хариулт өгчээ. Ажлын хэсгийнхэн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайн үйл ажиллагаатай танилцав. Тус уурхайн хувьд хөрс хуулалтыг тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хэмжээнд хийж чадаагүй бөгөөд аймгийн дулааны станцаас 300 орчим сая төгрөг өгөх ёстой боловч уг өрийг барагдуулаагүй байгаа нь компаний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэдгийг хэлж байв.

Могойн голын уурхай 50 гаруй ажилтантай бөгөөд техникийн шинэчлэлт хийгдээгүй удсанаас компаний өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэл учруулж байгаа гэнэ.  Энэ жилийн хувьд тус уурхай 50 орчим мянган тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.Цэцэрлэг сумын хувьд "Шинэ сум" төслийн хүрээнд 5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд уг хөрөнгөөр сумын төвдөө хатуу хучилттай авто зам, гэрэлтүүлэг, цэвэр бохир усны шугам, бага оврын цэвэрлэх байгууламж зэргийг барьж буй аж. Өвөлжилтийн бэлтгэлийг хийж дуусах шатандаа орсон талаар сумын удирдлагууд танилцууллаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ