СЭЛЭНГЭ: МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээ дамжуулж байсан байр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-19 13:19:02

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ардын журамт цэргийн түр штаб болон МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээ дамжуулж байсан байр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Нэгдсэн музейн нэгэн үнэт үзмэр болж байна.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд Ази тивийн ууган агентлагуудын нэг юм.


Анх 1921 оны 3 дугаар сарын 18-нд ардын журамт цэрэг Хиагтыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд энэ тухай өгүүлсэн “Монголчуудын бослого” нэртэй мэдээг жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “МОНТА мэдээлэв” нэрийн дор тухайн үеийн Алс Дорнодын бүгд найрамдах улсын “Дальта” агентлагт илгээж, улмаар энэ мэдээ Оросын РОСТА агентлагаар дамжин 1921 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "Правда" сонинд нийтлэгдсэн байна.


Тус мэдээг илгээсэн байр буюу тухайн үеийн Ардын журамт цэргийн түр штаб байрлаж байсан улаан дүнзэн байшин өдгөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг үндэсний музейн хашаан дотор байрлаж байна.


Энэхүү байшингийн үүдэн дээрх дөрвөлжин цагаан гантиг хавтан дээр “Д.Сүхбаатар 1921-3-19-нөөс 1921-7-2 хүртэл энд ажиллаж байв” хэмээн бичсэн байдаг.



Мөн 2010 онд МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ойн хүрээнд босгосон гэрэлт самбар ч бий.

 

 

Холбоотой мэдээ