Умард Солонгосын тамирчид Парисыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-07-21 11:26:21

ПЁНЬЯН, 2024 оны долоодугаар сарын 21 /NHK/. "Парис-2024" Олимпын наадамд оролцох Умард Солонгосын баг тамирчид Парис хотыг зорьжээ. Тус улс сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа зуны наадамд оролцох гэж байгаа нь энэ юм.


Спортын сайд Ким Ил Гукээр ахлуулсан 20 орчим гишүүнтэй баг тамирчид бямба гарагт Хятадын нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудалд түр саатжээ. Олимпын наадам энэ сарын 26-нд эхэлнэ.


Тэдгээр тамирчид Умард Солонгосын далбаатай цагаан хүрэм, цэнхэр өнгийн өмд болон даашинз өмссөн байжээ. Тэд хэвлэлийнхний асуултад хариулаагүй байна.


Умард Солонгос улс 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпод оролцсон бол 2021 онд Токиод болсон зуны наадамд багаа илгээгээгүй юм. Үүнийгээ дэлхий даяар тархсан коронавирусний цар тахалтай холбон тайлбарлаж байв.


“Манай баг тамирчид олон улсын спортын тэмцээн уралдаануудаас урьд урьдынхаас илүү олон медаль авахыг эрмэлзэж байна.  Манай хорооны зорилго бол улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөх, Умард Солонгосын ард түмэнд урам зориг өгөх явдал юм” гэж Умард Солонгосын Олимпын хорооноос мэдэгджээ.


Шинжээчдийн үзэж буйгаар, Умард солонгосчууд Олимпод оролцох замаар нэр хүндээ өсгөхийг эрмэлзэж байгаа бололтой.

Холбоотой мэдээ