Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нутгаар өнөөдөр их хэмжээний бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 10:49:47

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар өнөөдөр их хэмжээний бороо орно.


Төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.


Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим газраар өчигдөр бороо орсноос хамгийн их нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 34 мм, Сайнцагаан сумын нутгаар 24 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм хур тунадас буужээ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19...+24, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35, бусад нутгаар +25...+30 градус дулаан байх аж. 

Холбоотой мэдээ