Эрүүл мэндийн даатгалд эхний хагас жилд 3140.7 мянган хүн даатгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангийн
орлого 2024 оны эхний хагас жилд 953.8 тэрбум төгрөг болжээ, Энэ нь 2023 оны мөн
үеийнхээс 178.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Мөн эхний хагас
жилд тус сангийн зарлага 1132.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс
335.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН
ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, төрлөөр, жил бүрийн эхний хагас жилийн
байдлаар
Эрүүл мэндийн
даатгалын сангийн орлого 2023 оныхоос нэмэгдэхэд:
- шимтгэлийн
орлого 56.2 тэрбум төгрөг,
- төр даатгалыг
хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 68.6 тэрбум төгрөг,
- төр төлбөрийг
нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын
байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 53.1 тэрбум
төгрөгөөр нөлөөлжээ.
Улсын хэмжээнд эхний хагас жилд эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3140.7 мянган хүн даатгуулав.
Нийт даатгуулагчийн тухайд:
- 2258.5 мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд,
- 714.0 мянга нь ажил олгогч,
даатгуулагч хариуцан төлсөн иргэд,
- 168.2 мянга нь
шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байна.
Эрүүл мэндийн даатгал: Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.
Даатгуулагч: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу эрүүл
мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас
учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий
иргэнийг хэлнэ.
Бусад
даатгуулагч: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг, Эрүүл
мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.9-т зааснаас бусад
даатгуулагчид орно.
Шимтгэлийг
улсын төсвөөс хариуцах иргэд: 18 хүртэлх насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол
мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй
шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ асарч буй эх, эцэг, хугацаат цэргийн
жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтныг хамруулж ойлгоно.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл: Эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөр юм.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц: Даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг оруулна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.