Баянхошуунд 260 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүрэгт найман блок, 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байна.
Төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа. Эхний ээлжийн барилгуудын каркас цутгалтыг хийж, барилгын суурийг хөөмөл шилэн дулаалгаар дулаалжээ. Барилга угсралтын ажил одоогоор 50 хувьтай үргэлжилж байна. Дараагийн ээлжийн дөрвөн блок, 150 айлын ногоон орон сууцны барилга угсралтыг эхлүүлээд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Ташрамд дурдахад,
тус төслийн барилга угсралтын гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг”, “Сити ландмарк “,
“Содон номин констракшн”,
“Цамхаг Констракшн” ХХК шалгарсан бол гадна инженерийн сүлжээний ажлын
гүйцэтгэгчээр “Сан” ХХК шалгарчээ.