Crowdstrike компанийн буруугаас үүдэн 5,4 тэрбумын хохирол учирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 24 /ВВС/. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дэлхий даяар компьютерийн сүлжээ доголдсоны улмаас АНУ-ын томоохон компаниудад учирсан хохирлыг хэмжээг даатгалын Parametrix компани тооцоолон гаргажээ.
Тус компанийн тооцоолсноор, Майкрософтыг оролцуулахгүйгээр
Америкийн хамгийн том 500 компанид учирсан хохирлын хэмжээ 5,4 тэрбум доллар
болсон байна. Үүнээс зарим хохирлыг даатгалаас төлсөн боловч энэ нь санхүүгийн
алдагдлын ердөө 10-20 хувийг нөхөж байгаа юм.
Саатал доголдол гарсантай холбогдуулан CrowdStrike компанийн
захирал Жорж Курцыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дотоодын аюулгүй байдлын хороонд
дуудсан байна. Парламентын гишүүдээс Курцэд илгээсэн захидалд дурдахдаа “сүлжээнээс
хамааралт байдал нь үндэсний аюулгүй байдалд ямар эрсдэл учруулж болохыг энэхүү
үйл явдал та бидэнд анхааруулан сэрэмжлүүллээ” гэжээ.
Одоо CrowdStrike компанийн удирдлага дээрх захидалд хариу өгч, уг асуудлаар хийх сонсголын товыг
лхагва гарагийн орой гэхэд гаргасан байх ёстой. Компьютерийн сүлжээ тасалдах явдлыг давтан гаргуулахгүйн тулд программ
хангамжийн сорилын аргуудаа сайжруулна гэж тус компани амлаж байна.
CrowdStrike-ийн буруугаас үүдэн баасан гарагт дэлхий даяар
банкууд, эмнэлгүүд, агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа доголдсон билээ.
Үүний учир нь, шинэчлэгдсэн программ нь Windows үйлдлийн системтэй “зөрчилдсөн”-ий
улмаас дэлгэцэн дээр “үхлийн хөх дэлгэц” гарч ирсэн байна. Вирусийн
эсрэг программаа автоматаар шинэчилсэн нь Microsoft Windows үйлдлийн систем
дээр ажилладаг 8,5 сая орчим компьютерийн ажиллагааг тасалдахад хүргэсний учир Жорж Курц олон нийтээс уучлал
гуйсан билээ.