“Феррари” компани криптовалютаар төлбөр тооцоо хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-07-25 14:24:46

РОМ, 2024 оны долоодугаар сарын 25 /DW/. Италийн автомашин үйлдвэрлэгч “Феррари” компани удахгүй Европт криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.


Тодруулбал, энэ сарын сүүлчээс эхлэн Европын дилерүүдэд төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэх ажээ.


“Үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахад нь дилерүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-д жил хүрэхгүй хугацааны өмнө төлбөр тооцооны шинэ хэлбэрийг амжилттай нэвтрүүлсний дараа Европын зах зээлд мөн нэвтрүүлэх гэж байна” гэж “Феррари” мэдэгджээ. 2024 оны эцэс гэхэд Феррарикриптовалютыг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрдөг бусад улс оронд криптовалютаар худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-д криптовалютаар төлбөр тооцоо хүлээн авч эхлэх үедээ биткоин, эфериум зэргээр гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэхийн тулд “БитПей”-тэй түншилж байсан юм. “БитПей” нь үнийн хэлбэлзлээс хамгаалахын тулд Феррари”-гийн дилерүүдийн нэрийн өмнөөс криптовалютаар хийсэн төлбөрийг валют болгон хөрвүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчдээс ямар нэгэн хураамж авдаггүй.


Европт үүнтэй ижил зохицуулалтыг ашиглах эсэх тухайд Феррари тодорхой мэдээлэл өгсөнгүй.

 


Холбоотой мэдээ