Монголчууд Парист...
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны XXXIII Олимпын наадам нээлтээ хийснээс хойш гурав, тэмцээн эхэлснээс хойш таван өдөр өнгөрөв.
Таван өдрийн тэмцээн уралдаан дууссаны дараа 206 орноос 36 нь Олимпын наадмаас ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. Медаль хүртсэн орнуудын тоонд Монгол Улс багтана. Олимпын наадам үргэлжилдгээрээ үргэлжилж, шүүмжлэл ч гарсаар л байна. Монголын баг тамирчдын өнгөрсөн өдрүүдэд үзүүлсэн онцлог амжилтууд болон зарим мэдээллийг тоймлон хүргэе.
Парисын
Олимпын анхны медальтнаа хүлээсэн торгон мөч
Олимпын нээлтийн маргааш монголчуудын медаль хүртэх магадлалтай тэмцээнүүд эхэлдэг уламжлалтай. Тэр нь жүдо. Олимпын наадмаас 11 медаль авсан жүдочид энэхүү буухигаа үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг спорт сонирхогчдын анхаарлын төвд байв. Долоодугаар сарын 27-ны өдөр дэлхийн шинэхэн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд нар болон бокс, буудлага, дугуйн спортынхон тэмцээнээ эхлүүлсэн. Монголчууд жүдод илүү их найдлага тавьж байв. Харин жүдочид найдвар алдсангүй. 2024 он гарснаас хойш дөрвөн тэмцээнд дараалан түрүүлээд байсан Б.Баасанхүү Монголын багийн медалийн салхийг хагалах нь тэр. Хоёрхон сарын зайтай болсон Олимп, дэлхийн аваргад финалдсан нь Б.Баасанхүү энэ онд онцгой байгаагийн илрэл. Магадгүй тэр ДАШТ-д түрүүлээд өөртөө улам итгэлтэй болсон биз. Түүний амжилтад монгол хүн бүр баярлаж, догдоллоо.
Америкийн Sports Illustrated сэтгүүлд “Монголын Б.Баасанхүү хүрэл медаль хүртэнэ” гэж таамагласан байсан. Харин тэр үүнийг давуулан биелүүлэв. Б.Баасанхүүд түрүүлэх ч боломж байсныг дурдах нь зүйн хэрэг. Тэр медалиа авсны дараа ярилцлагадаа “Олимпын медальтан болсондоо баяртай байна. Жижигхэн алдаанаас болоод түрүүлэх боломжоо алдлаа” хэмээсэн. Ийнхүү Монголын жүдочид 2004 оноос хойш зургаан Олимп дараалан медаль хүртсэн гайхамшигт амжилтын эзэн боллоо.
Жүдочдоос 2004 онд Х.Цагаанбаатар хүрэл, 2008 онд Н.Түвшинбаяр алт, 2012 онд С.Ням-Очир хүрэл, Н.Түвшинбаяр мөнгө, 2016 онд Д.Сумъяа мөнгө, 2020 онд Ц.Цогтбаатар хүрэл, Саейд Моллай мөнгө, М.Уранцэцэг хүрэл, 2024 онд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв.
Медаль аваагүй
ч Монголын шинэ амжилтууд
Монголчууд энэ удаагийн Олимпод спортын есөн төрөлд оролцож буй. Тэднээс дугуйчид 28 жилийн дараа Олимпын замд уралдаж буйгаараа онцлогтой. С.Жамбалжамц Парист уралдах шилдгийн шилдэг 34 тамирчны нэг болсон. Дугуйн төрөлд Азиас ердөө хоёрхон орны тамирчин Олимпод оролцож байгаагийн нэг нь Монгол, нөгөөх нь Казахстан. Гэхдээ Казахстаны тамирчид европ стильтэй гэдгээрээ Азидаа ялгарна. Тиймээс дугуйчдын хувьд Парисын Олимп “түүхэн” гэх тодотголтой болж байна.
Тэгвэл буудлагынхан бас олимпоос медаль авч чадаагүй ч шинэ түүх бүтээлээ. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хийн гар бууны 10 метрийн дасгалд финалдсанаар Монголоос буудлагын эрэгтэй тамирчин анх удаа шилдэг наймд шалгарсан тохиолдол болов. Буудлагын тамирчид 1964 оны олимпоос эхлэн тасралтгүй оролцож байгаа ч эрэгтэйчүүд финалдсан тохиолдол өнөөдрийг хүртэл үгүй байлаа. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр хүрэл медаль авсныг эс тооцвол эрэгтэйчүүдийн хамгийн өндөр амжилтыг гавьяат дасгалжуулагч М.Жанцанхорлоо үзүүлсэн юм. Тэрбээр 1976 оны Олимпын 50 метрийн урт бууны дасгалд 11 дүгээр байр эзэлсэн “Парис-2024” наадам хүртэл манай эрэгтэй мэргэн буучдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт байлаа. Харин үүнийг Э.Даваахүү ахиулж, финалдсан нь түүхэнд бичигдэхүйц үйл явдал болов.
Түүнчлэн хоёр дахь Олимпдоо оролцож буй усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорьсон тэрбээр өөрийн зайг 1.59:94 минутад туулснаар улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 18 дугаар байр эзлэв. Өдгөө 22 настай түүний хувьд энэхүү спортоор УАШТ-ий 28 зай, төрөлд дээд амжилт эзэмшдэг нэгэн.
“Mongolia
House” гаднынхны нүдийг хужирлаж байна
Парист олимпоос гадна олны нүдийг хужирлаж буй өөр нэг үйл явдал нь “Mongolia House” төсөл юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол орныхоо үүх түүх, үзэсгэлэнт газар, уламжлал соёл, урлаг спорт, тоглоом наадгай гадаадын зочид, үзэгчид тун сонирхолтой байгаа бололтой. Нээлтээ хийснээс хойш гуравхан хоногийн дотор “Mongolia House” хотхонд 10 мянга гаруй хүн зочилж, монгол ахуйтай танилцжээ. “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, уртын дуучны шуранхай, уран нугараачийн үзүүлбэр, шагай болон сур харваа гадныхан төдийгүй Европод ажиллаж, амьдардаг монголчуудад маш их таалагдаж байгааг энэхүү төслийг санаачлагчид онцолж байна.
Олимпын үеэр эх орноо сурталчлах үүднээс Монгол Улс анх удаа Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий “La Villette” цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн “Монгол хаус” хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Сэр Мианг, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино, Оскарын шагналт жүжигчин, Олон улсын олимпын хорооны гишүүн Мишелле Иео тэргүүтэй гадаад, дотоодын 10 мянга гаруй зочид, төлөөлөгч зорин иржээ.
“Парис-2024” зуны Олимпын үеэр Канад, Колумб, Мексик, Чех, Энэтхэг, Бразил, Словак, Тайвань зэрэг дэлхийн 15 улс өөрсдийн соёл уламжлал, ёс заншил, үүх түүхийг таниулан сурталчилж буй энэ цаг үед “Mongolia House” өдөр бүрийн 11:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл уртын дуу, ардын хөгжим, бие биелгээ, уран нугаралт тэргүүтэй үндэсний урлагийн үзүүлбэр, бөх, сур харваа, шагайн харваа зэрэг уламжлалт спортын танилцуулгууд, монгол тоглоом наадгай, цагаан идээ, амтат зоогоор үйлчилж, хуран чуулсан хэн бүхний мэлмийг баясгаж, сонорыг мялааж байна.
Чөлөөтийнхөн
2-3 медаль авах зорилготой
Монголын чөлөөт бөхийн шигшээ баг өчигдөр шөнө Парис хотод очжээ. Манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин Парисын дэвжээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Чөлөөт бөхийн тэмцээн ирэх сарын 5-нд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Дэлгэрмаагийн барилдаанаар эхэлнэ.
Шигшээгийнхэн эх орондоо Олимпын өмнөх сүүлчийн бэлтгэлээ хийх үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар тэргүүтэй удирдлагууд үдэж, баг тамирчдадаа амжилт хүссэн байна. Америкийн Sports Illustrated сэтгүүлээс гаргасан таамагт чөлөөтийн тамирчдыг хоёр медаль авах боломжтой гэж дурдсан.
Тэд энэ удаагийн Олимпоос 2-3 медаль авах зорилго тавьсан. Онцгойлон 1980 оноос хойш тасарсан эрэгтэйчүүдийн медалийг авах тэмүүлэлтэй. Гавьяат тамирчин П.Орхон, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал нарыг медаль авах магадлал хамгийн өндөр гэсэн урьдчилсан таамаг бий.
Монголын баг 20
дугаарт...
“Парис-2024” зуны Олимпын эхний гурван өдрийн дараагаар Японы шигшээ баг зургаан алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Япончууд скейтборд, жүдогийн төрлөөр тус бүр хоёр, туялзуур сэлэм, гимнастикийн төрөлд түрүүлжээ. Ялангуяа скейтбордын эмэгтэйчүүдийн төрөлд 14 настай Коко Ёшизава түрүүлсэн нь одоогоор энэ Олимпын хамгийн залуу аварга болсон юм. Мөн туялзуур сэлэмний хүнд төрөлд тус улсын тамирчин Коки Кано аваргалсан. Ингэснээр арлын орныхон туялзуур сэлэмний төрөлд анхны алтан медалиа авчээ. Медалийн тоо болон чанараар хоёрдугаарт явж буй улс бол Франц. Тэд жүдогийн төрөлд хамгийн олон буюу таван медаль хүртсэн ч одоогоор хүссэн алтаа авч амжаагүй байна. Зохион байгуулагчид туялзуур сэлмээр Олимпоос хамгийн олон медаль хүртсэн уламжлалаа хадгалж одоогоор нэг алт, гурван мөнгөн медаль зүүжээ. Мөн рагбийн төрлөөр өмнө нь гурван мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа эрчүүд нь анхны алтан медалийг нь авчирлаа. БНХАУ-ын баг усанд үсрэлт, буудлагын төрлөөс таван алт “түүсэн” бол австраличууд таван алтынхаа гурвыг усанд сэлэлтээс авлаа.
Америкчууд нийт 20 медаль авсан ч ердөө гуравхан алтан медальтайгаар зургаадугаарт жагсаж байна. Канад болон Узбекистан улс жүдогоор Олимпын анхны алтан медалиа бичүүлсэн билээ. Одоогоор 17 улс алтан медаль хүртсэн бол нэг мөнгөн медальтай долоон орон байгаагийн нэг нь Монгол. Энэ амжилтаараа гурван өдрийн дараа 20 дугаар байрт жагсаж байна. Нийт 36 улс ямар нэгэн медаль хүртжээ.
Жүдогийн шүүгчид
шүүмжлэлээс бултах аргагүй
Парисын Олимпын
жүдогийн тэмцээн багагүй маргаан дагуулж, шүүгчид ч алдаа гаргах нь элбэг
байна. Шүүгчдийн будилаантай шийдвэрийн балгаар тамирчид дөрвөн жилийн хөлс,
хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаадаа бухимдсаар. Японы шилдэг жүдочдын нэг Рюүжү
Нагаяма, Шведийн залуу од Тара Бабулфат, Монголын жүдоч Б.Эрдэнэбаяр, Л.Сосорбарам
тэргүүтэн шүүгчдийн буруу шийдвэрийн үр дүнгээр хүссэн зорилгодоо хүрч
чадаагүй. Энэ талаар Нагаяма “Тамирчинд буруу байхгүй. Тэд ялахын төлөө л Парист
ирсэн. Харин шүүгчид хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэжээ. Жүдогийн тэмцээн
дуусахад дахин таван өдрийн барилдаан бий.