М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-31 09:30:28

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Парисын Олимпын боксын төрөлд манай улсаас хоёр эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагийн нэг нь М.Энхжаргал.


Түүний хувьд эхний тойрогт хүчтэй өрсөлдөгч Италийн Сирин Чараабиг илт давуу буулган авсан. Тэгвэл хоёрдугаар тойргийн өрсөлдөгч нь энэ жингийн медалийн тааврын тэргүүн эгнээнд яригдаж байсан Румыны 30 настай боксчин дэлхийн аваргын мөнгө, Европын наадам, Европын аваргын мөнгөн медальт Румыны боксчин Перижоц Лакрамиоара байлаа.


Тулааны эхний үед манай боксчин 3:2-оор ялагдсан. Гэвч хоёр болон гуравдугаар үед М.Энхжаргал илүү санаачилгатай, оновчтой цохилттой, дайчин байсны үр дүнд 4:1-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр энэ тулааныхаа талаар ярихдаа, "Маш хүнд тулаан боллоо. Хамгийн хүчтэй өрсөлдөгч энэ байлаа. Бие халаалт хийж байхад бие маань нэлээд хүндэрсэн учраас эхний үед хүссэн тулаанаа хийж чадаагүй. Харин үлдсэн үеүдэд тактикаа боловсруулж, багш нарынхаа зөвлөсний дагуу тулалдаж яллаа" гэжээ. 


Одоо тэрбээр Олимпын хүрэл медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга Туркийн тамирчин Хатич Акбастай тулалдана. Түүнийг ялсан тохиолдолд Олимпын наадмаас медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болох юм. Уг тулаан наймдугаар сарын 1-нд болох хуваарьтай байна.


Манай М.Энхжаргалын жинд 2014 оны дэлхийн аварга Болгарын Станимира Петрова, 2018 оны дэлхийн аварга БНАСАУ-ын Панг Чол Ми, 2019, 2023 оны дэлхийн аварга Тайванийн Хуанг Хсио Вен, 2022 оны дэлхийн аварга Туркийн Хатиче Акбас гэсэн шилдгүүд бий. 

Холбоотой мэдээ