Дуутын цуут дурсгалын дөрвөн зууны түүхэн ой, дэлхийн монголчуудын Дэлгэрхаан дахь чуулган
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛМодон луу жилийн зуны адаг сар шувтарч аху цаг. Өглөө эрт хөдөө гадаа явна гэхээр нойр хулждаг тааруу зуршилтай болсон билээ. Энэ өдөр хонь сарын хорин хоёрон гарч буй ажээ. Намрын сартай найзлахад найм есхөн хоног үлдэж дээ.
Өглөө эртлэн хөлсний тэргэнд гар өргөөд хотын төвд төдхөнөө хүргүүлчхэв. Даяар монгол түмний маань нуруу тэнийх, дэлхий дэлэгнэх, амарч алжаал тайлах, айраг исгээ хуллан таалан хүртэх, өнгөрөөд удаагүй наадмын сониныг ирэх жилийн өдий хүртэл хуучилж хуваалцах, аян холыг туулж эх сайхан орноороо бахархан, үзэж мэдрэх цагийн шимтэй улирал ид дундаа учраас Улаанбаатарын хөл хөдөлгөөн ердийнхөөс сийрүү, түгжрээ бөглөө нь үлэмжхэн багассан ажгуу. Тав гучид “Сант асар” гэдэг буурчийн газар ирэхэд хэдийнээ үүр манхайтал цайсан ч нар хараахан мандаагүй байлаа. Саяхь буурчийн газарт бага оврын автобус, чиргүүлтэй жийп машин нэжгээд, тэдгээрт суухаар зэхэх цөөн хүн хар, тал бүрээс цуглаж, цүнх сав болж байх нь Дэлгэрхаан сум, Дуутын хад явах баг бүрэлдэхүүн юм. Тэдний дотор Өвөр Монгол, Халимаг Монгол, Буриад Монголоос урилгаар ирсэн уран бичээч урчууд хамгийн хүндтэй зочид нь байлаа. Гаднын зочдын зарим нь бүр хүүхдээ хүртэл дагуулж иржээ. Яг тав дөч болоход хотын төвийн өндөр барилгуудын орой тэргүүнд шунхан улаан туяа юугаан сацруулан бүлээн наран гэгээн тунгалаг гэгч нь мандаад, мөнх хөх тэнгэрийн орон, амар жимэр энхжинд маань нэгэн шинэ өдөр мэндэлснийг алгуурхнаа тунхаглах авай.
Удалгүй бичиг соёлын багийнхан аян замдаа шуудран гарлаа. Өглөө эрт аянд гарах, нар хөөрөхөд газрын цээжинд дөтлөөд уужуу амьсгаа авч зогсохын таатайг зүйрлэх үг цөөднөм. Төв аймгийн Баянхангай сум хүртэлх замд тувт өтгөн манан буусан, тэнгэр огторгуй бүдэг бүүдгэр, үүлс уулс, шанд булаг, ургамал таримал... хялбар эс үзэгдэнэ. Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Л.Түдэв агсан “Мөнхийн ус” зөгнөлт өгүүллэгтээ хот гэж нэгэнтээ бичсэн Лүн суманд төдхөнөө хүрэв. Тэнгэр ч манхайтал цэлмэж, уул усны өнгө ялгаран зуны тааламжтайг мэдрүүлнэ. Монгол туургатан зочдын тухалсан ногоон автобус бидний өмнө, аажуу зугуухан урагшилж байх учиртай. Лүн хүрээд утасдахад тэд харин хойно хоцорчихсон байлаа. Хүрэх газрын байрлал гурван зуун бээр. Гуравны хоёрыг нь засмалаар туулна гэхээр бас ч тэдэнд маань зүдэргээ ядаргаа бага барагтай мэт.
Одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сум, дээд үеийн нэршлээр бол Түшээт хан аймгийн Мишиг гүнгийн хошууг зорьж буй дэлхийн монголчуудын бэсрэгхэн баг Лүнгээс чинагш арваад бээр яваад засмал дарданг зүүн этгээдэд орхин, оюу ногоон эрдэнийн өнгөт өвсөн хивсэн дээр үдлэн буудаллавай. Хүндэт зочдод өглөөний цайг хээрийн хойморт барихаар зохион байгуулагч эрхмүүд зориуд энд төлөвлөжээ. Бидэнтэй бүхээг нэгссэн О.Оюунмаа эгч цай цүй төхөөрөн тусалж, Б.Бүүвэй ах бид хоёр, энэ хээр талд урьдаас зэхсэн мэт бэлхэн байх “гүймлийн гээмэл”-ээр утаа май тавьж байгалийн ариусгал уугиулан, аргалын цэнхэр утаа үүсгэн, ногоон автобустнуудаа хүлээзнэнэ. О.Оюунмаа ахайтан ном эрдмийн үйлсээр, түүн дотор монгол бичгээр татагдан Баясгалан тэргүүнтэй бичиг номын хүж барилджээ. Тэрбээр Ховд хотоос, овоолж шатаах гэж байсан хэдэн зуун номыг хоёр сая төгрөгөөр худалдан авчирсан хийгээд зав зайгаараа монгол бичигтэй номыг нь түүвэрлэн Б.Баясгалан дүүдээ өгнө. Ууланд их явсан туршлагатай бөгөөд нас буян дал шүргэсэн гэхэд одоо ч явахад бэлэн хэмээн өгүүлэх. Өрнө тийш Алтай таван богд, Ховдын Мөнххайрхан, Зүүнш Асралт хайрхан, умарш Мөнх сарьдаг гээд эх орны цуутай хайрхдад оргилдож явсан тэрбээр Ц.Дамдинсүрэн гуайтай хамт “Кирилл үсгийн дүрмийн толь” бүтээлцсэн, Багшийн сургуулийн монгол бичгийн багш Б.Осорын охин бүлгээ. Харин Б.Бүүвэй абугай бол бүх насаараа босоо бичгээ гаргууд сурч, хэрэглэсэн, алдарт Ц.Балхаажав агсны хүү гээд бодчиход хангалттай. Бичиг соёл юугаан гэх сэтгэл зүтгэл үе дамжин удамшдаг л байна даа... Энд биднийг, Монгол уран бичлэгийн олон улсын холбооны тэргүүн, олон жилийн андлалт эрхэм А.Далангурав абугай тэргүүтнүүд төмөр хүлгийн хурдаар гүйцэж ирсэн юм. Лүнгийн энэ хоолой адуу ам дүүрэн хазлах өвстэй, хөх луу жилийн эхнээс цаг эрт өөд татаж зуншсан, малчин айлуудын өвлийн нутаг, өвөлжөөний бэлчээрийн идэш өвс нэгэнт гүйцэд гарч, отор нүүдэлд санаа зоволтгүй болсон өнгө аяс ажиглагдана. Тээр өмнөдөд түүхт их Туул мөрөн усан улаагаа нэхсээр бага үдийн наран дор мандал юугаан гялбалзуулан, баруун зүгт үзүүр хязгааргүй тохойрон үргэлжилжээ.
Халхын Цогт хунтайжийн Дуутын хадны дурсгалын 400 жилийн түүхэн ойд уригдан, нүдээр харж, биеэр мэдрэхээр зорьж буй монгол туургатнууд энд нүүр хагарч, орос, монгол хэл холин ярилцаж, товч боловч танилцаад амжив бололтой. Үйл явдал үргэлжлэх ч, аян зам ахиж дахих нь мэдээж авч, тэдгээрт оролцож, тухайн түүхийг бүтээлцсэн хүмүүсийн бүрэлдэхүүн хэзээ ч давтагддаггүй нь жам билээ. Тиймийн учир, монгол туургатныхаа төлөөлөл болж, зохион байгуулагчдын урилгаар Халхын төв нутагт хөл тавьж, Чингис богд эзний удам-Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийн дөрвөн зуун жилийн түүхэн ойд оролцсон элэг нэгт монголчуудаа тоймлон танилцуулбал, ОХУ-ын Буриадаас бусдаас олон буюу Санкт-Петербург хотын “Хараацай” уран бичлэгийн холбооны тэргүүний албатай, уран бичээч Оксана Жербанова, Улаан-Үд хотын “Баргужин төхөм” соёлын аялал жуулчлалын төвийн төлөөлөл Баяр Будаев, мөн хотын “Типограф хэв дизайн урлагийн төв”-ийн төлөөлөгч Дима Галсан, “Титэм арт” студийн захирал Ариуна Шадамар, “Тэнгэрийн уран бичлэгийн холбоо”-ны тэргүүн Маргарита Дамбаева нар, Халимаг Монголоос Элстэй хотын Халимагийн их сургуулийн багш, доктор Босхомджиев Мерген Владимирович, мөн хотын дуучин, жангарч Шараев Дмитрий Сергеевич нар, Өвөр Монголоос Хөлөнбуйрын их сургуулийн багш, профессор Хай Шан нар болон бусад залуучууд, хүүхдийн төлөөлөл тус тус энэ түүхэн явдалд оролцож, Дуутын цогц гурван бичээсийг нүдээр үзэж, гараараа илбэж мэдэрсэн ховор хувьтнууд боллоо. Халимаг монголын төлөөлөгч, жангарч Шараевын домбор хөгжимтэй жангар хайлах, хөөмийлөх, магтаал тууль хайлах, дуулах авьяас билиг, үндэсний гоёмсог хувцас зүүсгэл онц сонирхол татаж, хурсан олныг бишрүүлж байсныг дурдахгүй байхын аргагүй.
Тав зургаан цагийн аян зам туулаад бид Дэлгэрхаан суманд хүрэх төлөвлөгөө товтой. Тэнд сумын удирдлагууд үдийн зоог бэлтгээд, цаг нараа баримтлан хүлээнгүйрч буй гэх. Монгол хүн аянд гарахдаа цаг тов болзож ягшуулахад цэрвэнгүй ханддаг. Тэр учраар ч гэх юм уу, бид болзсон цагаасаа хоёр цагаар хождож хүрэв. А.Далангурав даргын унаа хүлгийн “гутал бойв” хагарч суларсан, түүнийг юүлэх солих гэж нэлээд цаг хором алдсан тул тиймд тулав.
Дэлгэрхаан суманд хоёр хоногийн өмнө ширүүн бороо орж, хүчтэй үерлэснээс, бидэнд үдийн зоог барьж буй тус сумын Засаг даргын тамгын газрын цоо шинэхэн барилгад усны шугам нь хаагдсан байлаа. Холын зочид маань хэсэг алхаад, Соёлын төвийн нь соёл маруутай модон “юүлүүр”-т бие хөнгөлөхөд санаа зовмоор байсныг нуух юун. Цааш Тарамцагийн нурууны зүүн бэлээр өмнө зүг барин гуч шахам бээр зам туулаад Дуутын булгийн эх рүү тонгойлоо. Дуутын булгийн амны эхнээс уруудахад тэртээ урд нурууны зүүн ар дээр танан цагаан гэрүүд сувд мэт онцгойрон харагдана. Сумын удирдлагууд зохион байгуулж, энэ өдөр энэ нутагт түр хотхон байгуулсан нь алс холоос, хамгийн цаад тал нь гэхэд долоон мянган бээрийн аян туулан энд ирж буй хүндэт зочдоо тавтай амраан тухлуулахаар барьсан өргөө цагаан гэрүүд ажээ.
Цогт хунтайжийн Дуутын хадны цогц дурсгалыг хамгаалах төсөл хэрэгжүүлсэн “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын тэргүүн, бүтэн жилийн ажлынхаа ард сая төлдөрхөн гарч, үр дүнг нь мэдүүлж, бүтээн байгуулсан ажлаа сум орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгөх, чармайж амжуулснаа олон түмний сонорт хүргэх нь эл ажил, аяны гол зорилго ажээ. Харин үүн дээр, Дэлгэрхаан сумын удирдлага ярилцаж зөвлөлдөөд, өөрсдийн харьяа нутагт байдаг, өвөг дээдсээс нь үе улируулан харж хамгаалж, өвлүүлж ирсэн энэхүү түүх соёлын үнэт дурсгалын дөрвөн зууны тэгш дүүрэн ойг хүндэтгэж, төр засгаас зарлигдсан тогтоол шийдвэрийг ч харгалзаж, сум орныхоо болоод холын зочдынхоо мэлмий сонорт хүргэхийн үүднээс бэсрэг наадам зохиохоор шийдвэрлэсэн нь цаг үе, утга учиртаа зохицсон шийдэл болсон шиг санагдана.
Хүндэт зочдын хөлөглөсөн унаа хөсөг Дуутын хөндийг өмнөш гатлан, Гандангийн хөтлийн дэнж хэмээх газар замын тоосоо түр намдаагаад даан удалгүй буцаж эргэн, цуваа хөсөг Хунтайжийн бичээст хадыг зүглэлээ. Ирэх гэсэн, нүдээр харж мэдрэх гэсэн гол үзмэр дээрээ тэд ингээд сая хүрч буув. Замын уртыг туулахдаа дуулж явсан элэг нэгтнүүд маань энд буугаад, дэлхийн соёлын өв хөмрөгт данслагдсан эл үзмэрийг нүдээр харахдаа аньсага чийгтэн байсан нь эргэлзээгүй.
...Сүүлийн таван жилд өрнөж өнгөрсөн түүхийг эргэж цухас сануулбал, 2020 оны хавар Дуутын хадны их бичээсийг нэр ус, хаяг харьяалал үл мэдэгдэх хэсэг бүлэг хүн тосоор бялдаж, уншигдахааргүй хар бараан болгосон тухай харамсалтай бөгөөд бүгт, товч мэдээг Зуунмод хотоос МОНЦАМЭ агентлагийн Төв аймаг дахь сурвалжлагч шуурхай дамжуулсан нь, биеэр очиж нүдээр үзэж завдахгүй олон жилийг үдсэн үүнийг бичигчид элэг дүүрээ зүсэж орхих мэт нөлөөлсөн билээ. Мөнхүү тийш зорих шалтгааныг улмаа тод болгож, яаруулахад хүргэсэн юм. Тос асгасан дурсгал хаврын хавсарганаар хийсэж наалдсан тэр орчмын нунтаг элс шороотой холилдсоноос ийнхүү хар бараан өнгөтэй болж, үсэг бичгийн тал хувь нь авсаар уншигдахгүй байдалд хувирсан билээ. Дээрх явдал болсноос барагцаалбал хорь орчим хоногийн дараа миний бие өөрийн унаа хөсгийг гаргаж, санал үзэл нэгтэй хэдэн бичгийн хүмүүнийг “уруу татан” баг бүрдүүлээд Дэлгэрхаан сумыг зорьсон нь мөн л зургаан сар, зуны сайхан цаг байлаа. Бидний очихоос долоо хоногийн өмнө, сумын удирдлагаас шуурхай мэдээлэл өгч, арга хэмжээ авахуулсны үрээр Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ирж, Дуутын хадны их бичээсийг тусгай арга технологийн дагуу сэргээх буянт үйлийг гүйцэлдүүлээд буцсан байлаа. Тэр үед Дуутын их бичээсийн сэргэсэн, уншигдах байдал дал орчим хувьтай хэвийн болсон байв. Эргэж ирүүтээ “Хунтайжийн бичээст Дуутын хад уйлж байна” хэмээх асуудал хөндсөн нийтлэлээ МОНЦАМЭ агентлагийнхаа цахим хуудсанд нийтлүүлж байлаа.
Өнөөдөр, дээрх нийтлэлд дэвшүүлж хөндсөн асуудлуудаас ихэнх нь биеллээ олж, гэрэлт хөшөө хуучин хэвдээ орж, Дуутын хадны бичээс маань хүмүүн төрөлхтний соёлын өвөөр дархлагдан, дэлхий даяны анхаарал сонирхлыг татаж, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын “Соёлын өвийг хамгаалах сан”-гийн санхүүжүүлснээр “Монгол дуу, дүрс сан” ТББ-ынхан Дуутын хадны дурсгалын хавь орчныг тохижуулах, хамгаалах үйлсэд анхдагч болж, чамлаж боломгүй ажил бүтээж, дурсгалын орчинд алсын удирдлага бүхүй хяналтын камерыг, монголын соёлын дурсгалуудын тухайтад анх удаа суурилуулсан нь, зүйрлэж хэлэхэд, 2020 онд тохиолдсон явдал мэт, хэн нь үл мэдэгдэх этгээд тус газар ирээд ёсон бусын үйлдэл гаргалаа гэхэд сумын соёлын ажилтан нь албан тасалгаандаа сууж байгаад зурагтаар харах мэт таних, хянах, илрүүлэх боломжийг бүрдүүлж, тусгай харуул манаач хүн буюу айл өрх буулгаж цалинжуулах зэргээр өртөг зардал ундруулах адармаатай асуудалд нэгэнт төгсгөлийн цэг хатгажээ. Дуутын хадны дурсгалыг зорьсон хэн хүн, сумын төвөөс гараад өдөр шөнийн аливаа цагт, тус дурсгал байгаа газарт төөрч саатахгүй ирэх боломж бүрдүүлэн замын тэмдэг, тэмдэглэгээг хэд хэдэн газарт байрлуулсан байна. Дуутын хад орчмын элсний нүүдлийг тогтоон барихад санаа сэдэл болгож, тусгай хашлага хамгаалалт бүхий мод суулгаж, цэцэрлэгжүүлэх үйлсийн шанг ч татсан харагдлаа. Шингэн мөр үзэхдээ ч тэрэг техник хэрэглэхээ шахан туйлшрах монголчуудынхаа бодол гүехнээс гарах залхуу үйлдлийг энд хазаарлахын тулд Дуутын хадны бичээсийн босгонд, соёлын дурсгалаас нэлээд зайдуу автомашины зогсоолыг тиг татан тэмдэглэж, өмхөрч өгөршдөггүй модоор хамгаалалт хашилт байгуулан, мөн тийм олс бөсөөр хэц хийж холбосон, харуулын хоёр камерын нэгийг эхэнд нь суурилуулж өгсөн байнам. Басхүү орох, гарах зүг, замын чиглэлийг босоо монгол бичгээрээ тод томруун бичин зааж, англи хэлээр хадмалласан нь монгол үндэстний, цаашлаад дэлхий даяны соёлын дурсгал руу ойртон ирж буйг сануулж, хурдаа хасаж, дөрөөгөө мултлахыг дохиолно. Үүнчлэн орох замын хойдхон талд цөөхөн хүний саравч сүүдрэвч шинээр барьж, түүний дээврийн дотор талд, байгалийн модон бэлдэц дээр энэхүү түүхэн дурсгалыг хүн төрөлхтний соёлын өвөөр бүртгэсэн албан ёсны гэрчилгээний хуулбар хувь, төслийг санхүүжүүлсэн буяны эзэд, Дуутын гурван бичээсийн болон зууны манлай уран бүтээл “Цогт тайж” уран сайхны киноны үйл явдлын гэрэл зураг сэлтийг хадаж байрлуулсан нь жилийн дөрвөн улиралд байгалийн үзэгдлийн нөлөөнд авсаар автахгүй, хүний гар тэр бүрий хүрэхгүй, он цагийг туулан байх оновчтой байрлал болсон хийгээд сүүдрэвчинд сууж тухлах аянчид бага цагт мэдээлэл авах боломжийг олгосон ажээ.
2021 онд улс хувьсгалын бүтэн зууны түүхэн ой тохиов. Гэтэл харин Монгол Улс дэлхий даяныг хамарсан цар тахлаас шалтгаалан анх удаа төр ардынхаа баяр цэнгэл наадмыг албан ёсоор тэмдэглэлгүй алгасаж, хойшлуулж өнгөрүүлэхэд хүрсэн. Зөвхөн Улаанбаатар хотын орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Нагалхан уулын өвөрт 512 бөх барилдуулж, төрийн наадмаа ёсолсныг түмэн олон мартаагүй байгаа буй заа. Би мөн л тэр наадмын өдрүүдийн өмнөхөн дахин баг бүрдүүлж, ар өвөр монголчуудтайгаа хамтран Дуутын хадыг зорьж, маргааш өглөө наадам эхэлнэ гэж байх цагаар Дуутын хаданд ирж, их бичээс маань бараг ерэн хувьтай сэргэснийг харахдаа, сэтгэл дотор нэлээд уужирч, яасан бол гэсэн сэтгэлийн зовнил сарниж, бид бүхэн энэ түүхэн газар үндэсний баяр наадмаа хэрээрээ ёсолж, мэргэжлийн байгууллагын нөхөн сэргээх арга технологи хийгээд дөрвөн зууны турш эл сайхан дурсгалыг угийн хэв төрхөөр нь хадгалан авчирсан байгалийн өөрийгөө хамгаалах жам ёс гэгч хэчнээн өгөөжтэй, гайхалтай болохыг мэдэрч бахадсан удаатай.
Чухамдаа эндээс “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын тэргүүн, бидний ном бичгийн садан Б.Баясгалан эрхэм бээр тус түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах талаар төр засгаас төдийлөн хийж хэрэгжүүлж, санаа тавьж бодит ажил болгохгүй байгаа зүйлийг хувийн хэвшил, сэтгэлт хүмүүс, тухайлбал өөрийнх нь удирдан ажилладаг төрийн бус байгууллага өвөр бусад гадаад дотоодын сайн санаат, хүмүүн төрөлхтний бүтээж буй болгосон оюун соёлын дурсгалд элэгтэй, билгийн хараатай ханддаг нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар хамтран биелэл болгож яагаад болохгүй вэ гэсэн санаа сэдлийн мэргэн мэдрэмжийг олж авсан хэрэг. Энд, үүнийг бичигч бээр “Эвтэй дөрвөн амьтан” үлгэрийн тагтаа болгож, биеэ өргөх гэсэн хэрэг биш. Хамгийн чухал нь, эрдэмт дээдсийнхээ бүтээн өвлүүлсэн соёл түүхийн үнэт дурсгалыг зөв хүнд нь, цаг үеийг нь олж, үзүүлж харуулан мэдрүүлэх, утга учрыг нь ойлгуулах явдал ирээдүйн сайн үйлсийн санамсаргүй үүдэл эхлэл болдог учиртайг л бус хүмүүс, төрийн хийгээд төрийн бус байгууллагууд, бичиг соёлын зүтгэлтнүүд мэдэж, санаж яваасай гэсэн санамж өгч буй хэрэг.
Дуутын хадыг зоригсодын хөл ер тасардаггүй гэдэг юм. Энэ удаад ч биднээс гадна бас бус цөөнгүй хүн өрх бүлээрээ болон уван цуван ирцгээж байх нь дээрх үгийн үнэнийг нотлох мэт. Хожим хойнох цагийн хүмүүсийн ухаан ухваргүйгээр бичиж сараачсан элдэв үсэг тоо, он сар, овог нэр, товчилсон том бичиг сэлт нь энд их элбэг байдаг, шинээр ч заримыг нэмсэн зэрэг нь бүр эртний хадны дүрс зургуудынхаа адилаар, энэ л дүрээрээ түүх болж үлдэх бөгөөд ой санамж бүхэн ямагт сайныг мэдээлж, хадгалж байх албагүйн нотолгоо болох ажээ. Дуутын их бичээсийн дэргэд очсон, анх удаа ирж буй бололтой хүмүүс тус дурсгалын эргэн тойрон дахь хадыг чулуугаар тогшиж үзэх, чухам аль хад нь дуу гаргадаг болохыг эрэх зэрэг үйлдэл гаргаж байхтай сая бид тааралдсан. Тэр бүхнийг дүрс бичлэг нэгд нэгэнгүй буулгаж авч байгааг тэд эс анзаарна, үл бодолцоно. Нутгийн зарим хүмүүс дээрх үйлдэл цээртэй, тэнгэр хангай үүнд аашаа үзүүлж тусгүй хариу харуулдаг болохыг ч сануулж байх ажээ. Энэ бүхний цаана, түүх соёлын үнэт дурсгалыг хамгаалахдаа яг уул хэвээр нь, юуг ч эс нэмж хасаж, алиныг нь ч эс онцолж, хашиж хаах зэргээр хамгаалах нь учир утгагүй хийгээд хөгжил дэвшлийн шинэ технологиос гадна хүмүүний сэтгэл оюуны хандлага хамгийн чухал хамгаалагч юм гэдэг нь илэрхий мэдрэгдэнэ. Энэ л хандлага хамгаалалт чухамдаа дөрвөн зууны тэртээх гайхамшигт соёлын өвийг бүтэн бүрнээр нь бидний үед авчирсан шүү дээ...
Дуутын булгийн өмнөд дэнж дээр, түүхэн дурсгалаас гурав орчим км зайтай сэрмүүн дэнж дээр эл түүхэн дурсгалын тэгш дэлгэр ойг хүндэтгэж, Дэлгэрхаан сумынхан баяр наадмаа дүүрэн төгөлдөр ёсолж, зуны үдийн наран дор хүлэг морьдын хөлс үнэртэн, агь таана нь өлмий дороос анхилж, даага унасан цовоо цолгин жаалууд наадмын дугуй талбайг гоёж алхлуулан, нүд сэтгэл баясгаж, зочин гийчдийн өхөөрдсийг ундруулан байнам. Цагаан хоолойгоор хүчит эрсийнхээ цол гуншинг дууданхан, Зуунмод хотоос залагдан ирсэн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид Хүннү дээдсийн цаг үеэс наашгүй өнө эртний угшилтай ардын язгуур урлаг, хөөмий харгиа, бий биелгээ, икэл хуурын жинтэй тоглолтоор өөрсдийн болоод өрнө дорноос ирсэн монгол туургатан зочдод сэтгэл оюуны мэдрэмж өгч, монгол үндэстэн нэг, монгол эх орноо хайрлах ёс нэгдмэл гэдгийг нотолж байнам.
Харин үүнтэй таширлан, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн уран бүтээлчид нэг хоногийн дараа, өглөө эртлэн гарч шуурхай довтолгон хүрсэн шигээ цаг нартай уралдан ажиллаж, Дуутын чандмань гурван дурсгалын үг хэллэгийг иж бүрнээр, биет өвөөс нь харж бүрэн эхээр уншуулан, бичлэг зураглал авч, энд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат болон Дэлгэрхаан сумын удирдлагаас дөрвөн зууны түүхтэй, тус нутгийнхны нүдний цэцгий мэт дээдлэн хамгаалдаг Цогтын хадны гурамсан цогц бичээсийн тухай, түүхэн ойн утга учрыг тодруулж, Хунтайжийн бичээсийн сэдвээр зарласан монгол уран бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхэд залуусыг энэ өдөр тус газар зориуд “Бичиг соёл” төвийн Д.Ганбаатар багш нь урьж зочлуулан “Цагаан тахиа жилийн... “ хэмээн эхэлдэг 17 мөр, 207 үг бүхүй их бичээсийн чанх өмнө залж, шагнал урамшууллыг нь нэр хүндтэй хүмүүсээр тусгайлан гардуулгасан нь, энд ирсэн үгийн билигтэн, зохиолч яруу найрагчид шүлэг холбоо дуудахгүй, авьяас онгод эгээрэхгүй явахыг алдас хэмээн үзэх тул МЗЭ-ийн шагналт яруу найрагч бөгөөд “Цогт хунтайжийн өргөө орд” сангийн тэргүүн, хатагтай Даржаагийн Цэрэннадмид, мөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бадамбазарын Оюунаа тэргүүтнүүд шүлэг бүтээлээсээ дуудаж сонордуулсан нь дөрвөн зууны түүхэн ойн жилийн учирлаг агшин хормыг улмаа уртасгаж байлаа.
Зуунаар тоологдох түүхэн явдлын ой той нь хүмүүний насанд ганц нэг л удаа тохиолдож болно. Тиймээс түүнийг үзэх хувь бол бас цаг түүхийн өгөгдөл юм байна аа. Цогт хунтайжийнхаа Дуутын хадны бичээсийн дөрвөн зуун жилийн түүхэн ойн гэрч нь бид болов. Үгээр хэлэх, бичгээр тэмдэглэж буулгах ажил албатан нь энэ удаад бараг ганц биеэр байв. Яагаад ч юм, урьд эрт, одоо эдүгээ бичсэн хэлхсэн, хэлсэн хөндсөн асуудлын маань ихэнх нь төлөв биелсээр, бүтсээр байдаг. Түүний нэг баталгаа нь Дуутын хадны дурсгал болов бус уу.
... Дэлгэрхаан нутагт энэ удаа ганц хонохдоо зуны охор шөнө гадаа унтлаа. Дэлгэрийн уужимд өглөө эрт алхахуйд хүмүүл таана ханхлан, хөл доор хонин гүрвэл үсчин харайлгаж явнам. Удахгүй уралдах дааган насны хүлгээ ачсан тэрэг чаргатнууд Гандангийн хөтөл зүглэн тал бүрээс тоос босгон айсуй харагднам. Хүүхэд насанд, хөдөөх малчин айлын багачууд бид зуны цагт голдуу гадаа унтдаг байлаа. Үзүүр хязгааргүй огторгуйд хараа сунгаж, одот тэнгэрийг ширтэж, үлгэр домог хэлэлцэн, үдэш дүл хүргээд “Хүүхээд, одоо унтацгаа, өглөө эрт босно” гэх аав ээжийн захирангуй дуунд дасаж даган, аяндаа зүүд нойрын ертөнцөд уусан ажирдаг сан. Сая тугаар Дэлгэрхааны хээр талд, Хунтайж маань хүлгийнхээ туурайгаар тамгалсан түүхт нутгийн хөрсөнд, өвсөн өрмөг дээр нь хажуулж, дээрээсээ тэнгэр огторгуйгаар хучуулж, алсад аниргүйн уужмыг сүлэн тургилах адууны үүрсээн дэрлэж хоновой. Хээрийн салхинд илбүүлж, ингэж гадаа унталгүй жарны хагасыг үджээ...
Харин Цогт хунтайжид маань, зуны сайхан цагаар ийм амар амгалан өнжиж хонох цаг боломж ер нь гарсан болов уу. Дуутын толь мэт тэгш, хаш эрдэнэ лүгээ адил ховор хаданд шүлэг билгээ сийлүүлж, модон хулгана жил энд гурав хоноход л тийм боломж эргэж давтагдахгүйгээр тохиосон байж магадгүй. Дайны цагийн баатар тайжид түүхийн ийм сиймхий ганцхан удаа тохиолдоход Дуутын дурсгал бүтсэн юм гэсэн санаа шүншиг бүхүй шүлгийн мөрт над буусан бөлгөө. Дуутын хадны их бичээс буюу эх оронч, яруу найрагч, гүн ухаантан Цогт тайжийн олноо алдартай шүлэг найргаа хайлан ухилан дуудах яг тэр үед нь тогтоон буулгаж, сударлаж авсан Эрх хиагийн гавьяа, хожим түүнийг дөрвөн жил болоод хаднаа уран яруу сийлж мөнхөлсөн Дайчин хиа, Гүенбаатар нарынхаас яавч дутахгүй гэж бодогддог. Өнгөрсөн жил Дуутын хаднаас ирээд бичсэн “Эрх хиа” шүлэгтээ энэ санаагаа шигтгэсэн билээ. Сая тугаар эл шүлгээ бас Дуутын хадны их бичээсийн яг өмнө зогсоод хурсан олны өмнө уншиж сонирхуулсан, дуудаж дуусаад Эрх хиагийн нэрийг сийлсэн сүүлээсээ гурав дахь буюу арван тав дахь мөрний чанх доорх, бичиггүй цулгуй хэсгийн өлмийн тус газраас адис авсан, энд ирсэн хэн боловч үүнчлэн, хадны бичээсэнд хамаа намаагүй ойртохгүй, хурууныхаа өндгөөр ч эс илбэх хийгээд бичгийн дурсгалын адаг хэсэгт л тэргүүнээ хүргэж байгууштай гэдэг санаагаа өөрийн биеэр хэлмэр болгосон билээ.
Б.Элбэгзаяа
Хөх луу жилийн зуны
адаг сарын хорин долоон.
Хан богд хайрхан-Дуут Гандан-Алтан тэвшийн хөндий.
2024 дүгээр он, наймдугаар сарын эхин.