МОНГОЛ ХҮН БҮРИЙН ХЭЛЭХ ТАРНИ-ЭЭЖ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
e.erdenedalai@montsame.gov.mn
2025-05-30 18:17:01

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол хүмүүн ээжийнхээ тухай бодох бүрдээ дотроо ариуслыг олж, ахуй амьдралын буулганд ч, алс хэтийн зорилгодоо ч, ажил хөдөлмөрийн чөлөөндөө ч залбиран даатгаж явдаг үндэстэн билээ. Ээж гэдэг энэ увдист үг тарни биш гэж үү?


Хүмүүн гэгч сансрын орноос хэлмэрчлүүлэн сав шим ертөнцийн агаарыг амьсан хүртэхээс өмнө ээжийнхээ ариун дагшин бие орноо сэрэмсрэн оршиж, бүрэлдэн үүсдэг. Хүйн холбоот тэрхүү мэдрэмж энэрлийн дулааныг ухааруулж, уярлын тунгалгийг ч ойлгуулах ажээ.


Хөрвөжин бойжоод хөрстийн иргэн болсон хэн ч эхийн ачлалыг хором тутам санан, өөр дотроо энэрэл хайрыг асаан амьдарнам билээ. Мөнхүү айн мэгдэхдээ, баярлан хөөрөхдөө, ганцаардан гуниглахдаа, уулга алдахдаа, итгэн хүсэмжлэхдээ, бүр зүүдэндээ ч эхийгээ ямагт хайрлан боддог. Тэрхүү зөнч хайрыг ч эх хүмүүн алсын газраас мэдрэн цэлмэдэг юм аа.


Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд нэгдэл цуглаан, Үндэсний номын баяр ээлжлэн өрнөлөө. Харин өнөөдөр наран гийсэн сайхан өдөр авай.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөдөг ээжүүдийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд "Алдарт эх"-ийн одон гардууллаа.


            

 

Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14480 ээж хүртэж байна.

 

“Алдарт эх”-ийн одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Төрөөс хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ төрийн тэргүүн хэлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болсныг тэмдэглэв.

Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

“Алдарт эх”-ийн одонг “Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хууль”-ийг одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны дөрөвдүгээр сарын гуравны өдөр, мөн БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийг 1990 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар тус тус батлан хэрэгжүүлж ирсэн.

Ийнхүү "Алдарт эхийн одон"-г эх орны хүн амын өсөлтийг дэмжих бодлогын үндсэн зорилготой анх БНМАУ-ын АИХТ-ийн зарлигаар 1957 онд бий болгож 1958 онд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн олон хүүхэдтэй эхчүүдэд анхлан олгож эхэлсэн түүхтэй.

Улсын Их Хурлаас 2010 оны зургадугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийг батлан, 2011 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэхүү хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар хоёрдугаар зэргийн одон-г олгохоор болсон.


Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Улмаар Эхийн алдар 1-р зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, 2-р зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлэх болжээ.

Хүмүүн заяаны зам мөрийг сүүний ариун ундаргаар тэтгэн бойжуулсан эхийн ач, алдрыг түмэн оны цаанаас ч, мянган улирлын тэртээгээс ч суу алдар мэт магтан дуулсаар ирсэн ард түмэн бол Монголчууд.

Монгол хүн бүр "ЭЭЖ" хэмээх энэ тарни үгийг давтан дуудаж үр үрийн элбэрэл хайрын шүтэн барилдлагыг дотоод орондоо үүсгэн амар амгалан амьдрах учиртай юм.


МОНГОЛ ХҮН БҮРИЙН ХЭЛЭХ ТАРНИ-ЭЭЖ БИЛЭЭ.

Холбоотой мэдээ