Өдрийн сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-25 10:51:04

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол түмний их баяр наадам болоход ердөө 16 хоногийн хугацаа үлджээ.


Энэ цаг үед наадмын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилсээр... Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтад бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гэх мэт есөн салбар хороо ажиллаж байна. 


Монголын үндэсний бөхийн холбооноос хэд хоногийн өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ хиймэл зүлгийг туршиж үзэх зарлалыг цацсан. Энэ дагуу бөхчүүд, холбогдох мэргэжилтнүүд Төв цэнгэлдэхэд өчигдөр цуглалаа. Өнгөрсөн жил шүүмжлэлийн бай болж, бөхчүүд ч олноор бэртсэн гялгар зүлгийг сольсон. Зүлэгний хувьд дүүргэгч резинтэй, сайжруулсан хиймэл зүлэг байв. Шинэ зүлэг нь 1.3 тэрбумын өртөгтэй. Хиймлээр бороо оруулахад бага зэргийн халтиргаа үүссэн нь ойлгомжтой. Угаасаа халтирдаггүй зүйл гэж байхгүйг цэнгэлдэхэд цугласан хүмүүс хэлж байлаа. Бөхчүүд анх удаа хиймэл зүлгэн дээр барилдаж байгаа хэрэг биш юм. Бараг 10-аад жил хиймэл зүлгэн дээр барилдаж буй учраас сайжруулалт дээр анхаарал хандуулах ёстой аж.


Өнгөрсөн жил тавьсан зүлэгний гол алдаа нь хэт гялгар, тачирхан, нимгэн, бас дүүргэгч бодисгүй байсан нь бөхчүүд амархан халтирах гол шалтгаан болсон. Барилдаж байгаа бөх битгий хэл алхаж яваа, малгай бариад зогсож буй засуул хүртэл эвгүй халтирч байсныг олон түмэн харсан. Энэ жилийнх арай өөр гэдгийг баяр наадмын комисс болон зүлгийг тавьсан компанийнхан ярьж байна. Хэдэн жилийн өмнөхөө бодвол цэнгэлдэх хүрээлэнд зуны турш олон үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Тиймээс жилдээ ганцхан болдог наадамд зориулж амьд зүлэг тавих боломжгүй албаныхан онцоллоо. Энэ тал дээр ч бөхчүүд ойлголцсон биз.


Харин хиймэл зүлэг туршиж үзэх, хамтарсан нээлттэй бэлтгэлд тийм ч олон бөх ирсэнгүй. Тоолбол 20 орчим л харагдана. Баянхонгор аймгийн “Тэргүүн богд” дэвжээнийхэн ач холбогдол өгчээ. Түүнчлэн аймгийн хурц арслан М.Еркебулан зорьж ирсэн байна. Түүний хувьд энэ жилийн наадамд цол горилж, тааварт дээгүүр яваа бөх. Нэгэнт хиймэл зүлэг тавих нь тодорхой байсан учраас бөхчүүдийг ирж зүлгээ туршихыг уриалж байсан улсын аварга О.Хангай ирсэнгүй. Магадгүй нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас тэр биз. Бөхчүүдтэй холбоотой асуудал нь зөвхөн зүлэг биш юм. Тэдний ая тухыг хэрхэн хангаж байгааг ч бөхийн холбооны удирдлагууд зохион байгуулах хороо болон наадмын нээлт, хаалтын найруулагчтай ярилцаад амжлаа. Бөхчүүдийн эрх ашиг зөрчдөг талаар жилийн жилд ярьдаг байсан бол энэ удаа арай өөрөөр шийдвэрлэхээр зэхжээ. Бөхчүүдийн үзэх эрхийг хааж, боодог том дэлгэцийг байрлуулахгүй, тэдэнд зориулсан тусгай хэсгийг бий болгосон байна. Наадмын нээлт, хаалтын найруулагч Н.Наранбаатар, “Энэ жил бөхчүүдэд ямар ч асуудал гарахгүй. Бид бөхчүүдийн орж, гарах, наадмаа үзэж, харах хэсгийг маш гоё чөлөөлж байна. Тиймээс санаа зовохгүй байж болно” хэмээн ярилаа. Зүлэгний тухайд ирсэн бөхчүүд байр сууриа илэрхийлсэн. Халтиргаа тодорхой хэмжээгээр байх нь ойлгомжтой. Тиймээс бөхчүүд өөрсдөдөө анхаарал хандуулж, хувийн бэлтгэлээ сайтар хангах ёстойг тэдний ярианаас ойлгож болно. 


Эцэст нь, энэ бол олон улсад итгэмжлэгдсэн спортын зориулалттай зүлэг аж. Тусгай бичиг баримт болон баталгаатайгаа иржээ. Зүлэг таван см өндөртэй, дотроо дүүргэгч резинтэй. Дүүргэгч нь спортын тэмцээнд оролцож буй хүмүүсийг унаж бэртэхээс сэргийлэх, зөөллөх зориулалттай юм. Хорт бодис, үнэр, тоос ялгаруулахгүйгээр хийсэн зүлэг гэдгээрээ онцлогтой. Мөн их хэмжээний ус тогтоохгүй, шингээгчтэй гэдгээрээ өмнөх зүлгээс ялгарч байна.  


Хэн, юу хэлэв?


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Д.Амгалан: Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан ““HBS” компани уг зүлгийг нийлүүлж, шинэчлэлийг хийсэн. Нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчилсэн.


Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав: Одоо цэнгэлдэхэд тавьсан зүлгийг Цогтцэций сумын 100 жилийн ойд өмнө нь хэрэглэсэн. Монгол Улсад тавьсан хамгийн сайн зүлэг. Бидний шаардлагыг хүлээн авч хөлбөмбөгийн цагаан зураасаа авсан байна. Гадаадынхан монголчууд хөлбөмбөгийн талбай дээр барилдаж, наадмаа хийж байна гэж ярьдаг, бас зарим шүүмж маягаар асуудаг. Тиймээс бид зураасгүй байх шаардлага тавьсан. Монголын наадмыг дэлхий даяараа үздэг учраас улаан шороон дээр барилдаж болохгүй. Зүлэгний хувьд дээрдсэн байна, сайжруулсан байна. Өнгөрсөн жил зөвхөн бөхчүүд гомдол гаргаагүй. Олон нийт, бөхөд дуртай үзэгчид, Монголын үндэсний бөхийн холбоо гээд олон талаас гомдол гаргасан.


Улсын харцага Н.Золбоо: Өнгөрсөн жилийн зүлэг дүүргэгчгүй, тачирхан байсан нь амархан халтирах гол шалтгаан байсан болов уу. Энэ жилийн тухайд туршиж үзэх боломж олгосонд баяртай байна. Өмнө нь ч хиймэл зүлгэн дээр барилдаж л байсан. Ер нь хиймэл зүлгэн дээр барилдаад багагүй хугацаа өнгөрсөн учраас ямар байдгийг бөхчүүд сайн мэдэж байгаа байх. Тиймээс наадмаас өмнө зүлэгтэйгээ танилцаад, урьдчилан сэргийлэх ажил хийвэл зүгээр гэж бодож байна. Хүссэн, хүсээгүй энэ зүлгэн дээрээ л барилдана. Бэртэл гэмтлээс холуур байх болтугай. Бүтэн жилийн хөдөлмөр гэж ярьдаг боловч барилдаж эхэлсэн цагаас хойших цаг хугацаа, бэлтгэл сургуулилалт маань талаар битгий болоосой. Харамсахгүй барилдаан гараасай гэж л гэж хүсье.


Улсын начин Б.Эрдэнэхүү: Бөхийн амьдралыг сонгосон хүн бүрийн 10, 20 жилийн хөдөлмөрийн асуудал юм. Бэлтгэл сайн байгаа жилдээ дээгүүр даваанд гарч барилдахыг зорьж байтал зүлэг, халтиргаа мэтийн жижиг асуудлаас болоод унана гэдэг хайран, харамсалтай биз дээ. Тийм зүйл бага гараасай л гэж бодож байна.


Улсын начин Э.Батмагнай: Норсны дараа халтирч байна. Сайхан барилдмаар байдаг. Гэтэл халтирна даа гэсэн айдастай барилдахаар сэтгэл зүй өөрчлөгдөнө. Наадам дөхсөн учраас туршиж үзэх нь зөв гэж бодоод ирлээ. Санаснаараа сайхан барилдмаар л байна. Улсын их баяр наадмаар зодоглохдоо халтирахгүй дээ гэх бодол тээхгүйгээр ирэх хэрэгтэйг ойлголоо.


Аймгийн хурц арслан М.Еркебулан: Халтирдаггүй зүлэг гэж бараг байхгүй дээ. Байгалийн зүлэг ч халтирна. Гэхдээ өнгөрсөн жилийн зүлэг хэтэрхий гялгар байсан учраас амархан халтирч байлаа. Би хоёрын даваанд улсын начин Г.Дармаажанцанд өвдөг шороодсон. Халтираад л унасан шүү дээ. Энэ жилийн хувьд дүүргэгч резинтэй учраас гайгүй юм шиг санагдлаа. Миний хувьд өнгөрсөн жил мөн л шинэ тавьсан зүлгийг долоодугаар сарын 8-нд нь ирж туршихад давгүй санагдаж л байсан. Эргээд бодоход байгалийн бороо, зориуд цацсан ус хоёр тэс өөр шүү дээ. Ер ямар эрсдэл учрахыг таашгүй юм. 


Сумын заан Б.Галсансанжаа: Халтирдаггүй зүлэг гэж байхгүй. Энд урлаг, соёлын олон үйл ажиллагаа болдог учраас ерөнхий масстаа зориулж зүлгээ тавьж байх шиг байсан. Гэхдээ энэ удаа өнгөрсөн жилийнхийг бодвол харьцангуй гайгүй бололтой гэж бөхчүүд маань ярьж байна. Үнэн хүчээ үзэж чадалгүй унах харамсалтай шүү дээ. Наадам болоход 10 гаруйхан хоногийн хугацаа үлдсэн бөхчүүд маань халтирахгүй байх тал дээрээ өөрсдөө анхаарал хандуулах ёстой болж байх шиг байна. 
















Холбоотой мэдээ