Боршоо застав 40 нас хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСБоршоо застав нь анх БОРШОО-гийн байцаан өнгөрүүлэх пост нэртэйгээр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутаг Хоо дэл гэх газарт байгуулагдаж байжээ.
Тус заставын үе үеийн хилчид, офицер, ахлагч, цэрэг дайчид, ажилчин албан хаагчид баруун хилийн бат цайз байж улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж ирснийхээ түүхт 40 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, урлаг соёлын хөтөлбөрүүд хосолсон бэсрэг наадам болж өнгөрсөн юм.
Баярын хүндэт зочноор тус заставт ажиллаж, амьдарч байсан д/х С.Начин, д/х Б.Батсуурь, д/х Ч.Пүрэвдорж, х/ч Т.Болдбаатар, а/д Р.Варианжав, х/ч Д.Баттогтох, а/а Ж.Жамсранжав, а/а Б.Тэгшээ, а/а Т.Отгонбаяр, а/а С.Эрдэнэбаатар нарын офицер ахлагч нар, энгийн ажилчид гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирсэн байв.
Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглосноос Түргэн сумын харъяат, аймгийн заан Б.Анхбаяр түрүүлж, Тэс сумын харъяат, аймгийн арслан Б.Бадарч үзүүрлэсэн юм.
Хурдан морины уралдааны их насанд 34, дааганд 16 морь уралдснаас эхний 10-ыг барьж унасан хүүхэд болоод уясан эздийг нь шагнаж урамшууллаа. Мөн үеэр хилчдийн бэлтгэл, ур чадварыг харуулсан гардан тулааны үзүүлбэрийг Хилийн цэргийн 0245-р ангийн тусгай томилгоот бүлгийн гэрээт цэргийн албан хаагчид цугласан олонд үзүүлж сонирхуулсан юм.
Увс аймаг Б.Батхүү