НҮБ: UNRWA-гийн ажилтнууд халдлагад оролцсон байх магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-06 14:53:03

НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 6 /DW/. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израил руу хийсэн террорист халдлагад оролцсон байж болзошгүй Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн /UNRWA/ есөн ажилтныг ажлаас халсан тухай НҮБ даваа гарагт мэдэгджээ.


Израилын өмнөд нутагт Палестины ХАМАС зэвсэгт бүлэглэлийнхний үйлдсэн халдлагад UNRWA-гийн ажилтнууд оролцсон байж магадгүй есөн тохиолдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. Халдлагын улмаас Израилын 1200 иргэн амиа алдаж, улмаар Газын зурваст дайн дэгдсэн бөгөөд ХАМАС-ын хяналтад байгаа Эрүүл мэндийн яамны мэдээллээр, одоогоор 40 мянга орчим палестин хүн амь үрэгджээ.


Израилын тал өмнө нь UNRWA-гийн ажилтнуудыг халдлагад оролцсон гэж буруутгаж байсан удаатай.


НҮБ-ын Дотоод хяналтын албаны /OIOS/ мэдэгдэлд 19 хэргийг шалгасан гэдгийг дурджээ. Нэг тохиолдлын хувьд тус алба тэдгээр ажилтныг халдлагад оролцсоныг нотлох баримтууд олдоогүй байна. Харин бусад есөн тохиолдолд олж авсан нотлох баримтууд хангалтгүй байжээ.


Баруун эрэг, Газын зурвас, Йордан, Ливан, Сири дэх палестин дүрвэгсдэд тусламж хамгаалалт үзүүлэх зорилгоор 1949 онд байгуулагдсан НҮБ-ын тусламжийн байгууллага болох UNRWA нь нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг олон сарын турш Израилын хүчтэй бөмбөгдөлтөд өртөж буй Газын зурвас руу илгээж байгаа юм. Тус агентлагийн мэдээлснээр, бүс нутгийн хэмжээнд UNRWA-гийн 30 мянга орчим ажилтан ажиллаж байгаагаас 13 мянган хүн Газад ажиллаж байна.



Холбоотой мэдээ