ДАРХАН-УУЛ: Хараа голын усны түвшин олон жилийн дунджаас 55 см-ээр ихсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хүйн голоос эх авч урсах Хараа голын усны түвшин хэвийн хэмжээнээс 185 см давж үерлэсэн гэж аймгийн ОБГ-аас мэдэгдлээ. Тодруулбал, 8 дугаар сарын 5-ны өдөр хэмжихэд усны түвшин 185 см-т хүрч, олон жилийн дунджаас 55 см-ээр, үерийн түвшнээс 13 см-ээр давсан байна.
2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад Хараа голын усны түвшин 9 см бага, Хүйтэн, Шарын голуудын усны түвшин олон жилийн дунджаас 9-17 см бага түвшинд байна. Сүүлийн өдрүүдэд Хараа голын усны түвшин тогтворжиж байгаа хэдий ч аялал зугаалгаар явах, гол усны ойр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, баталгаагүй зам, гарам гарцаар тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Аймгийн хэмжээнд Орхон сумын нутаг Бүрэнтолгой багийн Шар эсгийтийн тохой, Шарын гол, Хүйтний гол, Тэмээ олом орчим гэсэн гурван газарт Ус судлалын байнгын харуул ажиллаж мэдээлэл дамжуулдаг. Ойрын өдрүүдэд дуу, цахилгаантай аадар бороо орж байгаа тул үер усны аюулаас болгоомжлох, уулын гуу, жалга дагуу зорчихгүй, буудаллахгүй, зусланд гарахгүй байх, зориулалтын гүүрэн гарцаар гарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг УЦУОША-аас анхаарууллаа.
Мөн усархаг бороо үргэлжлэн орсны улмаас Зулзагын голын түр гүүр эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон тул шуурхай арга хэмжээ авч гүүрийг засварлаж байна.