“Германд үйлдвэрлэв“ үзэсгэлэнд 50 гаруй компани оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-12 14:41:29

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран Шангри-Ла зочид буудалд  “Германд үйлдвэрлэв“  Герман-Монголын бизнес өдөрлөгийг  зохион байгуулж эхэллээ.

Гурван өдөр үргэлжлэх тус өдөрлөгөөр  Эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, хэлэлцүүлэг өрнөх  юм. Үзэсгэлэнд Герман, Монголын  50 гаруй компанийн төлөөлөл оролцож  бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Герман-Монголын бизнес өдрүүдийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс санаачилан 6 дахь жилдээ зохион байгуулж буй юм.  Тус  арга хэмжээний зорилго нь хоёр талт хамтын ажиллагааг дэмжих, Герман, Монголын компаниудын төлөөлөл технологи туршлагаасаа хуваалцаж санал солилцоход чиглэж байна.

Өдөрлөгийн хүрээнд болж буй эрдэм шинжилгээний бага хурлын үеэр компанийн сайн засаглал сэдвээр хэлэлцүүлэг өрнөж буй бөгөөд үндсэн илтгэлийг Германы компанийн засаглалын зарчим, кодексийг боловсруулсан олон улсад танигдсан судлаач Проф. Др. Кристиан Штренер  илтгэл  тавьсан юм. Маргааш “Уул уурхай ба Тогтвортой Хөгжлийн Зорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг  Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.

 Б.Заяа

Холбоотой мэдээ