Тайландад сармагчны цэцэг өвчний шинэ хувилбарын анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-08-23 17:12:14

БАНГКОК, 2024 оны наймдугаар сарын 23 /BBC/. Тайландад сармагчны цэцэг өвчний /mpox/ шинэ хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн нь Ази тивд илэрсэн анхны, Африк тивээс гадна илэрсэн хоёр дахь тохиолдол болжээ.


Тайландын Өвчинд хяналт тавих хэлтсээс мэдээлснээр, халдвар авсан 66 настай европ эр наймдугаар сарын 14-нд Африкийн нэгэн орноос Бангкокт ирсэн байна. Ирсний дараах өдрөөс түүнд халдварын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт даруй ханджээ. Улмаар сармагчны цэцэг, тэр дундаа 1b гэдэг хувилбараар халдварласан болох нь батлагдсан байна.


Өнгөрсөн оноос Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад голомтлон тархаж эхэлсэн сармагчны цэцэг өвчний дэгдэлтийн улмаас 450 хүн нас баржээ. Уг халдвар мөн Бурунди, Кени, Руанда, Уганда зэрэг хэд хэдэн оронд тархсан юм. Өдгөө БНАКУ-ын зүүн нутагт 1b нэртэй шинэ хувилбар илрээд байгаа бөгөөд энэ нь хил орчмын бүс нутгууд болон хөрш орнуудад тархаж байна.


Өнгөрсөн долоо хоногт Швед улсад 1b хувилбарын анхны тохиолдол илэрсэн нь Африк тивээс гадна бүртгэгдсэн эхний тохиолдол болжээ. Халдвар авсан хүн саяхан Африкийн нэгэн улс руу аялсан байсан гэж Шведийн Нийгмийн эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.


Харин Тайландад бүртгэгдсэн тохиолдол нь 1b хувилбарын Ази тивд батлагдсан анхны тохиолдол юм. Сармагчны цэцэг нь бэлгийн хавьталд орох, арьсаар хүрэлцэх, халдвартай хүнтэй ойрын зайнаас ярих, амьсгалах зэрэг ойрын хавьтлаар дамждаг боловч ковид, улаанбурхан зэрэг бусад вирус шиг хурдан халдварладаггүй байна.


Гэвч Африкийн зарим оронд шинэ хувилбар тархаж, нас баралтын түвшин өндөр байгаад мэргэжилтнүүдийн санаа зовниж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ уг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаад байгаа юм.


Тайландын Өвчинд хяналт тавих хэлтэс халдвар авсан хүнтэй ойр сууж байсан 43 хүнийг, мөн нисэх онгоцноос буусных нь дараа түүнтэй уулзсан хүмүүсийг тогтоож, 21 хоног тусгаарлаж байна. Тайландын эрх баригчид мөн эрсдэлтэй 42 орноос ирж буй хүмүүст шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж эхэлжээ.


Сармагчны цэцгээр халдварласан тохиолдолд томуутай төстэй шинж тэмдэг илэрч, арьсан дээр тууралт гардаг. Ихэнх хүмүүсийн хувьд хөнгөн хэлбэрээр өвчилдөг боловч зарим тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй байна. Төв Африкт тархаж буй шинэ хувилбарыг өмнөхөөсөө илүү аминд халтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд 100 тохиолдол тутамд дөрвөн хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ