Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-04 10:24:46

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд шилжүүлэх ажлыг хүлээлцэх хүрээнд Улаанбаатар хотод дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоож байна.


НИТХ-ын тогтоолоор нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбоотой тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан билээ.


Одоогоор Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй. Тодруулбал, тэдгээр 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болжээ. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцох боломжтой. Ингэснээр нийслэлд өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох аж.

Холбоотой мэдээ