Засгийн газрын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцуулав.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ,
мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит
байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон вэбүүдийг нэг дор багтаасан.
Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.
Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой,
Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй
бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог
сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм. Засгийн газрын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг
1111@gov.mn хаягаар авч байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.