БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийн баяр энэ сарын 17, 18-нд Сагсайд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Sagsai Golden Eagle” бүргэдийн баяр энэ сарын 17, 18-ны өдөр болно.
Тус аялал жуулчлалын үйл ажиллагааг "Аян трэйвэл" компани санаачлан Сагсай сумын ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулдаг ба гадаад, дотоодын аялагчдад казах түмний шувуулах соёл, өв уламжлал, нүүдэл, таван хошуу мал, гар урлал, оёдол, хатгамал болон адуу тахлах, сургах үйл явцыг харуулж, гэрэл зураг авах, видео бичлэг хийх боломж олгодог.
Мөн жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт тус аймгийн Бугат сумын Өнчин толгой хэмээх газарт болдог аймгийн нэгдсэн "Бүргэдийн баяр"-ын өмнө зохион байгуулдгаараа онцлогтой.
"Баян-Өлгий аймгийн Сагсай
сум нь хамгийн олон бүргэдчинтэй сум юм. Тус бүргэдийн баярт орон нутгийн
Бүргэдийн холбоод болон иргэдийн оролцоо их байдаг. 2018 оноос зохион
байгуулж буй “Sagsai Golden Eagle” бүргэдийн
баярыг ирж сонирхдог гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүмүүс
зөвхөн бүргэд биш, нүүдэлчин соёлыг харуулсан нүүдэл зэрэг үзүүлбэрт нь дуртай
байдаг. Манай фестивальд ирсэн зурагчид сайн зураг авч Монголыг дэлхийд
сурталчилж байгаа нь энэ баярын бас нэг чухал тал болж байгаа" гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.