Саран дээр 120 сая жилийн өмнө галт уулс байсан байх магадлалтай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААННЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 6 /AP/. Дэлхий дээр үлэг гүрвэлүүд амьдарч байсан тэр цаг үед Саран дээр галт уул дэлбэрсээр байсан байх магадлалтайг саяхан хийсэн нэгэн судалгаагаар тогтоожээ.
Тодруулбал,
2020 онд Хятадын сансрын хөлгөөр сарны
гадаргуугаас дэлхийд авчирсан
гурван жижиг шилэн сондор нь үүнийг нотолж байна. Тэдгээрийн
химийн найрлага нь 120 сая жилийн тэртээ саран дээр
идэвхтэй галт уулс байсныг илтгэж байгаа нь цаг хугацааны хувьд эрдэмтдийн таамаглаж байснаас наана ажээ.
“Чанъе-5” хөлгийн цуглуулсан чулуулгийн дээжид хийсэн өмнөх шинжилгээгээр галт
уулс 2 тэрбум жилийн өмнө унтарсан гэж таамаглаж байжээ. Харин үүнээс өмнө уг хугацааг 4 тэрбум жил гэж үзэж байсан гэнэ.
Энэ талаарх судалгааны материалыг пүрэв гарагт “Science” сэтгүүлд нийтэлжээ. “Энэ нь урьдчилан таамаглаж байгаагүй явдал болж байна” гэж Сар, гараг судлалын хүрээлэнгийн ахлах ажилтан Жули Стопар хэлжээ.
“2014 онд
НАСА-гийн сарны тойрог замын аппаратаас авсан гэрэл зургууд нь мөн сүүлийн үеийн галт уулын идэвхжлийг илтгэн харуулж байсан. Харин
шилэн сондрууд бол
анхны биет нотлох баримт мөн” гэж
Ж.Стопар хэлээд, гэхдээ тэдгээрийн гарал үүслийг
батлахын тулд илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэдгийг онцолсон байна.
“Чанъе-5”-ын дээж нь 1970-аад онд НАСА-гийн
“Аполло” хөлгийн сансрын нисгэгчид болон ЗХУ-ын сансрын хөлгүүдийн цуглуулсан дээжээс хойш дэлхийд авчирсан анхны сарны чулуулаг юм. Энэ оны зургаадугаар
сард Хятад улс сарны цаад талаас дээж авчирчээ.
Энэхүү судалгаа нь жижиг гаргууд болон сарнууд, тэр дундаа
манай Саран дээр галт уулын
идэвхжил хэр удаан үргэлжилснийг тогтооход тус дөхөм болж магадгүй
гэж Хятадын ШУА-ийн судлаач Хэ Юян хэлсэн байна.
Судлаачид саран дээрээс цуглуулсан
зүүний сүвэгчнээс ч
жижиг хэмжээтэй 3000 орчим ширхэг шилэн сондрыг судалж үзээд галт уулаас үүссэн шинж тэмдэг бүхий гурван сондрыг олжээ. Галт уулын дэлбэрэлт эсвэл солирын
цохилтын дараа хайлсан дуслууд хөрөх үед саран дээр шилэн сондор үүссэн байж магадгүй гэнэ.