Хятадын барааны татварыг нэмэгдүүлэхийг эрс эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-09-15 11:44:26

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. АНУ-ын тал Хятадаас импортолж буй зарим барааны гаалийн татварыг нэмэгдүүлэхийн тулд Худалдааны тухай хуулийн 301-р бүлгийг урвуулан ашиглаж байгаад Хятад улс эрс дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Худалдааны яам бямба гарагт мэдэгджээ.


"АНУ-ын тал буруу арга барилаа нэн даруй засаж, Хятадын эсрэг нэмсэн бүх татвараа цуцлах ёстой" гэж мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн "Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж, байдлыг улам дордуулж байгаа" нэмэлт татварын асуудлаар АНУ-ын талд удаа дараа мэдэгдэл хүргүүлснийг сануулжээ. “АНУ-ын ийм үйлдэл нь олон улсын худалдааны дэг журам, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж байна. Хятад улс шаардлагатай арга хэмжээг авч, үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах болно" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


АНУ-ын эрх баригчид цахилгаан хөдөлгүүрт автомашин, нарны зай, хагас дамжуулагч, ган зэрэг Хятадын зарим барааны импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг урьд нь мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, ингэснээр “АНУ-ын тал стратегийн ач холбогдол бүхий дотоодын салбарын хамгаалалтыг бэхжүүлэхийг” зорьж байгаа аж. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортын татварыг 100 хувь, нарны зайн татварыг  50 хувь, ган, хөнгөн цагаан, цахилгаан автомашины цэнэг хураагуур болон гол ашигт малтмалын татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр есдүгээр сарын 27-ноос хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ