ӨМНӨГОВЬ: Байгалийн дурсгалт газрыг хамгаалах мэргэжилтнүүдийг чадавхжуулж, иргэдийн оролцоог дэмжих нь чухал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол Улс дахь
тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр зөвлөлдөх уулзалтыг есдүгээр сарын
12-14-ний өдөр Ханбогд суманд зохион байгууллаа.
ЮНЕСКО-д
бүртгэлтэй дурсгалт газар нутгийг хадгалан хамгаалж, менежментийг сайжруулах,
орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Манлай сумын нутагт орших
үлэг гүрвэлийн 18 мянган мөрийг хадгалж буй Шар цав, Ханбогд сумын нутагт орших Дэлхийн
энергийн төв Дэмчогийн хийд болон тэр орчмын дурсгалт газрыг хамгаалахаар Геопарк байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Зөвлөлдөх
уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Соёлын өвийн үндэсний төв,
Шинжлэх ухааны археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний
комисс, БНХАУ-ын Макаогийн аялал жуулчлалын их сургууль, Фуданы их сургуулийн
эрдэмтэд, Япон улсын дэлхийн геопаркуудын сүлжээний холбогдох албаныхан, Ашигт
малтмал, газрын тосны газрын говийн бүсийн төлөөлөгчийн газар, Өмнөговь аймгийн
СУГ, БОАЖГ, “Гайхамшигт говь” аялал
жуулчлалын холбоо, Ханбогд, Манлай сумын ЗДТГ болон орон нутгийн ОНБ, иргэдийн
төлөөлөл зэрэг 60 гаруй хүн оролцлоо.
Соёлын өвд суурилсан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх
зорилгоор соёлын өвийн суурь судалгаа хийх, баримтжуулах, өвийн оршин тогтнох
чадавхыг тогтоох, соёлын биет бус өвийн болон геологийн хээрийн тандалт
судалгааны ажлыг зохион байгуулж байна.
Тус судалгааны
ажлын багт Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, “Сити” дээд сургууль,
Өмнөговь аймгийн Соёл урлагийн газар, БОАЖГ хамтран ажиллаж байгаа юм.
Өмнөговь
аймаг өв соёлын түүхэн дурсгалт газраа хадгалах, хамгаалах чиглэлээр олон ажлыг
зохион байгуулдаг.
Тодруулбал, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудын хадгалалт
хамгаалалт, сэргээн засварлалт, цаашдын зорилтыг тодорхойлох, боловсон хүчнийг
бэлтгэх, чадавхжуулах, орон нутгийн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх холбогдох
яам, байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон талт
ажлыг зохион байгуулж байна.