БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-17 14:30:29

Өлгий, 2024 оны 9 дугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудлын аэродромд он гарснаас хойш 250 нислэг хүлээн аваад байна.


Дээрх 250 нислэгээр нийтдээ 25554 зорчигч зорчжээ. Харин өнгөрсөн онд 392 удаагийн нислэгээр 27569 хүн зорчсон байна.


Одоогийн байдлаар МИАТ компани Улаанбаатар-Өлгий чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт нислэг үйлдэж байгаа боловч энэ нь хангалтгүй байгааг аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Бекболат хэлж байна.


Түүний тайлбарласнаар өмнөх жилүүдэд долоо хоногийн таван өдөрт нь нислэгтэй байсан бол одоо нислэгийн давтамж эрс багассан. Энэ асуудал нь зуны улиралд гадаад, дотоодын аялагчид олноор ирдэг тус аймгийн хувьд том бэрхшээл болж орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгааг тэрээр онцлов.


Учир нь орон нутгийн аялал жуулчлалын компаниуд янз бүрийн шугамаар жуулчин олж авчдаг ч гадаадын иргэдэд Улаанбаатар хотоос Баян-Өлгийд ирэх онгоцны тийз олддоггүй байна. Тийм учраас орон нутгийн компаниуд энэ жил жуулчдыг Улаанбаатараас эхлээд Ховдод буулгаж, дараа нь автомашинаар Өлгий рүү татан авч байгаа. Энэ нь нэмэлт зардал гаргаж алдагдал хүлээж байгаа гэв.


Аймгийн Аялал жуулчлалын холбооноос орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудад тавьж байгаа ч хараахан шийдвэрлэгдээгүй байна.   

Холбоотой мэдээ