Өнөөдөр эмэгтэйчүүд Германтай, эрэгтэйчүүд Ливантай тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын олимпиадын эхний зургаан өргийн тоглолт өндөрлөв.
Унгарын Будапешт хотод үргэлжилж буй 45 дахь удаагийн олимпиадыг эмэгтэйчүүдээс Энэтхэг, эрэгтэйчүүдийг мөн л Энэтхэгийн баг тэргүүлж явна. Манай улсын эрэгтэй баг зургаан тоглолтоос хоёр хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдолтойгоор 196 орноос 70 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Эрчүүд Мавритиусыг 4:0, Суданыг 4:0 ялж, Чехтэй 2:2, Израилтай 2:2 тэнцсэн. Харин Германд 0.5:3.5, Болгарт 1:3 ялагдсан юм.
Тэд өнөөдөр амарч байгаа бөгөөд өнөөдөр дэлхийн чансааны 95 дугаарт эрэмбэтэй Ливаны шигшээтэй тоглоно. Энэ тоглолтыг ФИДЕ мастер С.Чингүүн өнжих аж. Тэгвэл нэгдүгээр ширээнд олон улсын мастер Г.Амартүвшин, хоёрдугаар ширээнд ФИДЕ мастер Э.Баасансүрэн, гуравдугаар ширээнд олон улсын мастер М.Амилал, дөрөвдүгээр ширээнд ФИДЕ мастер Х.Итгэлт тоглох нь ээ.
Харин эмэгтэйчүүд эхний зургаан тойргоос таван хожил, нэг хожигдолтой болов. Тэд өчигдөр Гүржийн багт тун харамсалтай хожигдсоноор 10 оноотойгоор 181 орноос долоодугаар байрт жагсаж байгаа юм. Эмэгтэйчүүд Гватемалыг 4:0, Монаког 3:1, Перуг 2.5:1.5, Испанийг 2.5:1.5, АНУ-ыг 2.5:1.5-аар ялсан ч Гүржид 1.5:2.5-аар дийлдлээ. Энэ тоглолтод эхний гурван ширээнд суусан Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Д.Номин-Эрдэнэ нар тэнцсэн. Ингээд хожлын хувь заяаг Монгол Улсын 26 дахь аварга Э.Хүслэн шийдэх ёстой болов. Тэр дөрөвдүгээр ширээнд тоглосон бөгөөд төгсгөл дээр хэд хэдэн алдаа гаргасны горыг амсаж ялагдлаа.
Эмэгтэйчүүд өнөөдөр зургадугаар ширээнд
Германтай чухал тоглолт хийнэ. Долоодугаар өргийг Монгол Улсын залуу аварга
Э.Хүслэн өнжих бол нэгдүгээр ширээнд их мастер Т.Мөнхзул цагаанаар, хоёрдугаар
ширээнд их Б.Мөнгөнтуул хараар, гуравдугаар ширээнд их мастер Д.Номин-Эрдэнэ
цагаанаар, дөрөвдүгээр ширээнд кандитат мастер Б.Мөнгөнзул хараар тоглоно.