Барилга, дэд бүтцийг ХБИ-д нийцүүлэх зорилготой төсөл хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-10-14 17:03:43

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Жайка олон улсын байгууллага хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд энэ сарын 13,14-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг болж байна.

Энэ жилийн зургадугаар сараас эхлэн 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх уг төслөөр барилга байгууламж, дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой ажиллаж байна.

Уг төслийн Жайка-гийн талын мэргэжилтэн Тэрүя Эми “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцүүлсэн дэд бүтцийн болон барилга байгууламжийн хүрэлцээ Япон, Монгол Улс хооронд их ялгаатай байна. Мөн Монголд дэд бүтцийн асуудлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байр олох асуудал хүндрэлтэй байна. Япон улсын хувьд дэд бүтэц, мэдээллийн хүртээмж сайн байдаг учраас ажил олоход хүндрэл гардаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог идэвхижүүлэхийн тулд энэ төслийг Монголд хэрэгжүүлж байна” гэв.

Монгол Улсад 101 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд тэдний 2-3 хувь нь ажлын байртай байдаг байна.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж, амьдрахад олон саад бэрхшээл тулгардаг. Наад зах нь үйлчилгээний газрууд, нийтийн тээвэр зэрэг дэд бүтцийн хөгжил муу байна. Мөн байгууллагын 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх ёстой гэж журмандаа заасан байдаг ч хэрэгжилт нь сул байна. Энэ тал дээр төрийн хяналт, дэмжлэг хэрэгтэй” гэв.

Г.Даваамаа 

Холбоотой мэдээ