Маргааш, нөгөөдөр задгай талбайн хаалтын шоу тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-19 16:59:39

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Задгай талбайн хаалтын шоу гэгдэх “Big show” тоглолт маргааш, нөгөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


Энэхүү тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь “Флаш”, “Мөнхийн реп”, “Нөү нэйм”, “Татар”, “Дөрвөн зүг” гэсэн таван хамтлагийн хамтарсан тоглолт юм. 16:00 цагаас нээж, долоон цагийн турш үргэлжлэх энэхүү тоглолтын гол онцлог нь хамтлагууд холилдож дуулахгүй. Тодруулбал, таван хамтлагийн таван тусдаа тоглолт хийнэ гэсэн үг.


Маргааш тайзан дээр гарах хип хоп таван хамтлагийн салхийг “Флаш”-ийнхан “Хайрлах хүсэл” тоглолтоор хагална. Дараа нь “Мөнхийн реп”-ийн залуус “Чи хайрыг мэдэх үү”, гуравдугаарт “Нөү нэйм” хамтлаг “Үдшээр”, “Дөрвөн зүг”-ийнхэн “Тайлагнал”-аар үргэлжлүүлнэ. Тэгвэл “Татар”-ынхан хип хоп шоуг хааж “Хайрыг хүндэл” тоглолтоо өргөн барих нь ээ.


Харин 21-нд буюу бямба гарагт уянгын, зөөлөн хэмнэлтэй дуугаар залуусыг байлдан дагуулсан “Эй Саунд”, “Лемонс”, “Шөнийн галт тэрэг” зэрэг хамтлаг амьд хөгжмийн тоглолтоороо бэлэг барина. 

Холбоотой мэдээ