“SpaceX” хоёр жилийн дотор Ангараг руу таван хөлөг хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-09-23 17:35:58

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 23 /Reuters/. SpaceX” компани хоёр жилийн дотор Ангараг гараг​​ руу таван сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск X хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэ сарын эхээр тэрбээр мэдэгдэхдээ, хоёр жилийн дотор Ангараг руу Starship” хөлгийг хөөргөнө гэсэн юм


И.Маск ням гарагт хэлэхдээ "Анхны жолоодлогот нислэгийн хугацаа нь эдгээр нислэгийн амжилтаас хамаарах бөгөөд амжилттай газардвал дөрвөн жилийн дараа жолоодлогот нислэг үйлдэх болно. Гэсэн хэдий ч саад бэрхшээл тулгарвал жолоодлогот нислэгийг дахин хоёр жилээр хойшлуулна" гэлээ.


Starship хөлгийг хөөргөх товыг байнга өөрчилдөг И.Маск энэ оны эхээр мэдэгдэхдээ, Ангараг дээр “Starship” хөлгийг  таван жилийн дотор газардуулж, сансрын нисгэгчдийг долоон жилийн дотор тус гараг дээр буулгана гэж байв.


Энэ оны зургаадугаар сард “Starship” хөлгийн дөрөв дэх туршилт амжилттай болж, Энэтхэгийн далайд зөөлөн газардсан юм. 2020-иод оны сүүлчээр Сар руу хүмүүс болон ачаа илгээх, улмаар Ангараг гараг руу нисэж чадах том, олон зориулалт бүхий шинэ үеийн сансрын хөлөг бүтээхийн тулд И.Маск Starship” хөлөгт ихээхэн найдлага тавьж байгаа юм.


Энэ оны эхээр НАСА SpaceX-ийн Starship-ийг ашиглан сүүлийн хагас зуун жилийн хугацаанд Саран дээр анх удаа сансрын нисгэгчдийг буулгах төлөвлөгөөгөө 2026 оны есдүгээр сар хүртэл хойшлуулсан юм. Өмнө нь энэ ажиллагааг 2025 оны сүүлчээр явуулахаар төлөвлөж байв.


Түүнчлэн зургаадугаар сард Японы тэрбумтан Юсакү Маэзава Starship” хөлгөөр Сар руу аялах төлөвлөгөөгөө сансрын хөлгийг хөөргөх хугацааг хойшлуулсан, мөн “ойрын хугацаанд хөөргөх тодорхой хуваарь” байхгүй учраас цуцалсан юм.

 


Холбоотой мэдээ