Винисиус “Алтан бөмбөг”-ийг хүртэх нь тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-24 10:38:49

МАДРИД, 2024 оны есдүгээр сарын 24. /ТАСС/. Испанийн “Реал” клубт тоглож буй Бразилын хөлбөмбөгчин Винисиус France Football сэтгүүлийн хувилбараар дэлхийн шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртэх нь тодорхой болсон тухай Испанийн Маrca сонинд мэдээлжээ.


Шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 28-ны өдөр Парис хотын Шаттле театрт болно. “Реал”-ын довтлогч Винисиус шагналыг авна гэдгээ хэдийнэ мэдсэн бөгөөд Nike компани түүнд зориулсан алтан шаахайг бэлэн болгожээ.   


Өдгөө 24 настай Винисиус 2018 онд Бразилын “Фламенго” клубээс “Реал” багт шилжин ирж, одоог хүртэл тоглож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Испанийн АШТ ба Супер цомын тэмцээнд гурван удаа түрүүлж, Испанийн цомд нэг удаа, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ, УЕФА-гийн Супер цомд тус бүр хоёр удаа аваргалсан байна. Винисиус “Реал”-д 45 сая еврогоор шилжин ирсэн бөгөөд гэрээний дагуу тус багт 2027 оны зун хүртэл тоглох ёстой. Transfermarkt цахим хуудсанд мэдээлснээр, хөлбөмбөгчний зах зээлийн үнэлгээ 180 сая еврод хүрчээ.   


Өнгөрсөн 2023/2024 оны улиралд тэрбээр Ла Лигийн тэмцээн, Аваргуудын лигийн болон Испанийн Супер цомд тус тус түрүүлсэн бөгөөд 49 тоглолтод оролцохдоо 26 гоол оруулж, 13 оновчтой дамжуулалт хийжээ.


“Алтан бөмбөг” шагналыг 1956 оноос хойш олгож байгаа бөгөөд түүнийг хамгийн олон удаа хүртсэн хөлбөмбөгчин бол Аргентины довтлогч Лионел Месси /8 удаа/ юм. 

Холбоотой мэдээ