"Тэнгэрийн хүү" жүжгийг 13 жилийн дараа шинэ найруулгаар тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-09-27 12:47:21

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. 2011 онд УДЭТ-ын тайзнаа анх амилсан "Тэнгэрийн хүү" жүжиг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар 10 дугаар сард эргэн ирэх гэж байна.


Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжгийг тоглож эхэлснээс хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй жүжигчин тэргүүтэй зургаан номинацад шалгарч, гран при шагнал, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг "Мөнгөн мод" ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртсэн юм.


"Тэнгэрийн хүү" жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийсэн билээ. Үүнээс улбаалан Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Эх орон, газар шорооны тухай бүтээл болох "Тэнгэрийн хүү" жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна" хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм.


Жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Б.Шинэбаяр сонгогдсон бол Түмэн Шаньюйгийн дүрд жүжигчин М.Түвшинхүү, Могол хатны дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь зэрэг УДЭТ-ийн гурван үеийн уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" жүжигт оролцож байна.

Холбоотой мэдээ