Жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-03 09:28:37

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Тажикистаны нийслэл Душанбе хотод 2024 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.


67 орны 531 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас 14 жүдоч хүч үзэж байна. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онд өсвөрийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид багтсан. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд Монголоос зургаан бөх барилдав. Тэднээс хамгийн өндөр амжилтыг эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон Б.Уранзаяа үзүүллээ. Тэрбээр Румын, Германы тамирчдыг ялсан ч шөвгийн наймд Солонгост, дагах барилдаанд Францын бөхөд ялагдсанаар шагналт VII байрт шалгарсан.


Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Ж.Энхтөр, эмэгтэйчүүдийн 57 кг-д О.Оюунчимэг, Т.Ариунзаяа, 63 кг-д Д.Есүй нар дэвжээнд гарна. Ж.Энхтөр эхний тойрогт Киргизийн бөх Бакирдинов Нурмахаммедтай барилдах бөгөөд манай бөхчүүдийн салхийг хагалах юм. Харин О.Оюунчимэг Киргизийн Аматурова Кияайлтай, Т.Ариунзаяа Узбекистаны Бочкова Деспинатай, Д.Есүй Нидерландын Гейлин Жонитой барилдана.


Тэмцээний нийт шагналын сан 99800 евро бөгөөд хувийн төрөлд алтан медаль хүртэгсэд 500, мөнгөн медалийн эзэд 300, хүрэл медаль хүртвэл 170 еврогийн шагнал гардах юм. Харин багийн тэмцээний аваргууд 8000, мөнгөн медалийн эзэд 5600, хүрэл медальтнууд 3200 еврогийн шагнал авах аж.

Холбоотой мэдээ