“Дэлхийн цирк Монголд” тоглолтод машин, мотоцикл унадаг баавгайнууд үзэгчдийг гайхшируулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-03 12:07:15

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Циркийн урлаг нь хэн бүхэнд баяр баясал, инээд хөөр бэлэглэн гоо сайхан, дуу хөгжим, хүн амьтдын харилцаа, гэрэлтүүлгийн гайхамшиг гэх мэт олон төрөлт үзүүлбэрийг нэг дороос мэдрэх боломж олгодгоороо бусад төрлөөс ялгардаг билээ.


Тэгвэл энэхүү урлагийн гайхамшгийг мэдрүүлэх “Дэлхийн цирк Монголд” тоглолт эхлэхэд ердөө хоёрхон хоног үлджээ. Тодруулбал, аравдугаар сарын 5-наас эхлэн долоо хоног бүрийн бямба, ням гарагт 19:00 цагаас дэлхийд ганцхан гэгдэх ОХУ-ын алдарт жүжигчин Юрий Никулины нэрэмжит Москвагийн Төв циркийн сургуультай гурван баавгай болон нохойнуудын үзүүлбэр, мотоциклтой харайлт, акробат, дэлхийн гайхагдсан монгол уран нугараачдын тоглолтыг үзэх боломжтой. Сургуультай баавгайнуудын үзүүлбэр нь Монте Карлод болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртэж байсан аж. Уг үзүүлбэрийн онцлог нь ОХУ-ын алдарт Юрий Никулиний нэрэмжит циркийн жүжигчид, удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бөгөөд дэлхийд цор ганц машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнууд үзүүлбэр үзүүлдгээрээ олны анхаарлыг татжээ.


Энэ удаагийн хос манежтай тоглолтод АНУ, Герман, Унгар, Хятад, Орос, Монгол зэрэг есөн орны 260 орчим уран бүтээлч оролцож буй юм. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов, ерөнхий продюсерээр олон улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна. Бид хоёр хоногийн дараа нээлтээ хийх тоглолтын бэлтгэлээ сурвалжилга бэлтгэлээ.


Тус тоглолтод оролцох жүжигчид, амьтдын бэлтгэл өдөр бүр өглөөний 09:00 цагаас эхэлж байгаа аж. Бидний очиход баавгайнууд машин, скүүтэр, дугуйныхаа бэлтгэлийг дөнгөж дуусгаад амарч байлаа. Үл ялиг жаахан хоцорч. Тэднийг хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг хэрхэн унахыг харахыг хүссэн юм. Ингээд хэсэг завсарласны дараа нохойнууд үзүүлбэрээ бэлдэж эхлэв. Энэ удаа циркийн манежнаа 2-10 настай таван нохой монголчуудад чадвараа харуулахаар манай улсад эздийнхээ хамт анх удаа иржээ. Гайхалтай авьяастай нохдын сургагч нь залуу жүжигчин Диана Рубцова. Тэр бол удам дамжсан циркийн жүжигчин. Аав, ээж, ах, эгч, өвөө, эмээ гээд бүгд л циркийн урлагт залуу нас, авьяасаа зориулсан аж. Бүгд циркийн өөр өөр төрлөөр нутагтаа төдийгүй олон улсад танигдсан гэнэ. Харин Рубцова багаасаа амьтанд хайртай байсан учраас нохой сургагч болохоор шийдсэн байна. Тэр одоогийн таван нохойгоо гөлөг байхаас нь тэжээн, сургаж байгаа юм. Сургуультай ноход долоо хоногт 150 кг орчим үхрийн цул мах, хүнсний ногоо хэрэглэдэг аж.




Түүнээс Монголд ирсэн сэтгэгдлийг нь сонсоход “Үнэхээр гайхалтай байна. Би анх удаа ирж байгаа юм. Байгаль, уулс нь маш үзэсгэлэнтэй. Нохойнуудаа гөлөг байхаас нь сонгож аваад сургадаг. Хамгийн гол нь нөхдөд бүх үзүүлбэр таалагдсан байх ёстой. Энэ тоглолтод нохдын үзүүлэх үзүүлбэр нь бүгд тэдний өөрсдөө сонгосон, дуртай үзүүлбэр юм. Надтай хамт ирсэн нохдоос хамгийн хөгшин нь 10 настай. Удахгүй манежнаа дахин тоглохгүй. Гэсэн ч би очсон газар бүрдээ дагуулаад л явдаг” гэж байв. Ноход үзүүлбэрээ амжилттай хийхэд Рубцова тэднийг ямар нэгэн “амттан”-аар дайлна. Ер нь амьтдыг үзүүлбэрт гол зүйл нь амттан. Тэр нь юу ч байж болно. Үзүүлбэр хийх бүрд нь аманд нь ямар нэгэн зүйл өгч байгаа нь тэднийг “сайн байлаа” гэсэн утгатай аж. 










Тэгвэл “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг санаачлагч, олон улсын шүүгч Н.Эрдэнэ “Хос манежтай цирк тоглоно гэдэг амар биш. Амьтад төдийгүй жүжигчдээс маш их хөдөлмөр шаарддаг. Хос манежтай тоглодог цирк дэлхийн гарын 10 хуруунд багтахуйц цөөхөн шүү дээ. Нэг жүжигчин дунджаар таван минутын номертой байдаг бол хос манежтай тоглолтод зориулж 7-8 минут болгон сунгадаг. Өөрөөр хэлбэл, өөрийн үзүүлбэрээ бүрэн задалж, шинэчилдэг гэсэн үг. Энэ бол “Дэлхийн цирк Монголд” тоглолтын гол онцлог. Тоглолтыг аль болох олон хүнд үзүүлэхийг зорьсон ч жүжигчдээ бодохгүй бол болохгүй. Тиймээс ердөө наймхан удаа тоглохоор болсон юм” хэмээн ярьж байна.




Нохдын үзүүлбэрийн бэлтгэл ойролцоогоор 30 гаруй минут үргэлжиллээ. Ноход ч сүүлдээ ядарсан бололтой. Хэсэгхэн хугацаанд завсарласны дараа баавгайтай хорших машануудын бүжгийн бэлтгэл эхэллээ. Богинохон хугацаанд асар өндөр ачаалалтай бэлтгэл хийх аж. Дээрээс нь толгойдоо том баг углаад бүжиглэнэ гэдэг тийм ч амар биш. Нэг бүжгийн номерыг 2-3 минут эрчимтэй бэлдэхэд тэднээс асар их хөлс ялгарч байгаа нь харагдана. Жүжигчдийн бүжгийг циркийн жонглёрчин байсан Анто Лозовой дэглэж байгаа юм. Тэр бол энэ тоглолтын гол бүжиг дэглээч.


Түүний сэтгэгдлийг сонсоход “Монголд ирэх сайхан байна. Би ододтой хамтран бүжиг дэглэдэг миний хувьд циркийн сургуулийг жонглёрчин мэргэжлээр төгссөн учраас одоо циркийн үзүүлбэрүүдийг дэглэж байна. Энэ бол эстрад тоглолтоос бага зэрэг өөр. Циркийн үзүүлбэрийн онцлогийг нь би мэддэг учраас загас усандаа байгаа мэт байж чаддаг. Би циркийн жүжигчин амьтдад хайртай. Амьдтыг маш сайн эмчилж, хамгийн дээд зэргийн нөхцөлд байлгадаг. Амьтад онгон байгаль жамаараа харьцангуй цөөн жил амьдардаг. Харин циркийн жүжигчин болсноор илүү урт насалдаг. Үзүүлбэр бүрийн хөгжмийг сонгохдоо тухайн төрлийн онцлог болон жүжигчдийн хувцсанд тохируулах ёстой. Ингэж байж үзэгчдэд таалагдахаас гадна бүх зүйл төгс зохицох юм” хэмээн ярилаа.







Харин энэ тоглолтын гол дүрийн баатар болох сургуультай баавгайнуудыг сургагч, ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудрявцева ийн ярилаа. “Манай баавгайнуудын хамгийн гол үзүүлбэр нь машин унах. Энэ үзүүлбэрийг авто баазын инженер найзынхаа ярианаас сэдэл авч бэлтгэж эхэлсэн. Ёстой санамсаргүй байдлаар энэ үзүүлбэрийг хийх санаа төрсөн гэхэд болно. Баавгайнууд минь жоохон байсан учраас эхний ээлжинд удирдлагатай машинд суулган дасгасан. Энэ үзүүлбэр бол дэлхийд цор ганц юм” гэлээ. Никулиний нэрэмжит циркийн баавгай сургагчаар ажилладаг тэрбээр сургуультай баавгайнуудаа бамбарууш байхад нь олж авчээ. Түүний хувьд 20-иод жил баавгай сургагчаар ажиллаж байгаа бөгөөд үе дамжсан амьтан сургагч циркийн уран бүтээл юм.  






Циркийн манежийн диаметр 13 метр байдаг бол хос манеж зассанаар үзэгчддээ барих бэлэг төдийгүй даацтай болж, ач холбогдол өндөр гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.  Дахин сануулахад, "Дэлхийн цирк Монголд" тоглолт аравдугаар сарын турш гэж байгаа боловч долоо хоног бүрийн зөвхөн бямба, ням гарагт гэхээр ердөө наймхан удаа тоглоно. 

 

Холбоотой мэдээ