БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийн баяраар 10 төрлийн үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-03 12:08:57

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Бүргэдчдийн холбоо хамтран "Алтан бүргэд-2024" үйл ажиллагааг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд тус аймгийн Бугат сумын Чандмань толгой хэмээх газарт 25 дахь удаагаа зохион байгуулна.


Тус үйл ажиллагааны хүрээнд бүргэдийн үзүүлбэртэй хамт нийтдээ 10 төрлийн уралдаан, тэмцээн явуулахаар төлөвлөж байна.


Тодруулбал, бүргэдийн баярын эхний өдөр бүргэдчдийн хувцас болон морины тоног хэрэгсэл, бүргэдээ биедээ дасгасан байдлын шалгаруулна. Мөн өдөр казах үндэстний тоглоом болох морин дээрээс мөнгө шүүрэх (тенге илу), урианхай сурын харваа, морьт харваа (жамбы ату)-ны тэмцээн болно. Оройн цагаар гадаад, дотоодын аялагчид, зочдод зориулж аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Бугат сумын соёлын төвд урлагийн тоглолт болно.


Үйл ажиллагааны хоёр дахь өдөр бүргэдчид бүргэдээ ан агнахад хэр зэрэг сургаснаа (шырга тарту) танилцуулан өрсөлдөнө. Тухайн өдөр зочид, иргэд казахын ард түмний "Хүүхэн хөөх" (Кыз хуар) тоглоом, "Кара жорга" тойрон бүжиг, тулам булаацалдах тэмцээн (көкпар), морин дээрх барилдаан (аударыспах)-ыг үзэж сонирхох боломжтой. 



Холбоотой мэдээ