ӨВӨРХАНГАЙ: Нарийнтээл, Уянга суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах санал уламжилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-08 09:55:44

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийлээ.


Энэ үеэр гамшгийн хор уршгийг арилгахад зориулж, аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, орчин үеийн хүчин чадал бүхий ус соруулах помп шийдвэрлэж өглөө. Мөн өнгөрсөн өвөл, хаврын зуд, зуны үер усанд орон гэрээ алдсан зургаан өрх айлд гэр олгохоор болов.


  • Түүнчлэн аймгаас санал тавьсны дагуу Онцгой байдлын газрын шинэ барилга, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн барилгын нэмэлт санхүүжилтыг 2025 оны улсын төсөвт тусгуулах,
  • Гучин-Ус сум дахь аюулгүйн нөөцийн фондыг сум дундын улсын нөөцийн цэг болгон шилжүүлж авах,
  • Нарийнтээл, Уянга суманд Эрэн хайх, аврах бүлэг шинээр байгуулах,
  • Сант, Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар болон Хужирт сумын Эрэн хайх аврах бүлэгт туулах чадвар сайтай автомашин шийдвэрлүүлэхээр болсон байна.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Цаашид хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулна” хэмээн Шадар сайд онцлон хэллээ.  

Холбоотой мэдээ