ХОВД: Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 14-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Энэ долоо хоногт ихэнх нутгаар салхи шуургатай байж, хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтэрнэ.
Энэ сарын 8-нд зарим газраар, энэ сарын 14-д уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно.
Салхи энэ сарын 8, 9, 12, 13, 14-нд зарим газраар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +10+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1+6 градус дулаан, өдөртөө +15+20 градус дулаан байна.
Аравдугаар сарын 14-ний өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.
Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0-ээс бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12 метр бол модны бүдүүн мөчир савлана, шинэ орсон цас хийсэж эхэлнэ.
Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.
Салхины хурд секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна.
Салхины хурд секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ.
Салхины хурд секундэд 30-32 метрт маш их сүйтгэл учруулна. Мод үндсээрээ ховхорно.