БАЯН-ӨЛГИЙ: Согтууруулах ундаа худалдахыг гурав хоногийн хугацаагаар хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-10 12:05:51

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият энэ сарын 9-ний өдөр "Санал авах өдөр үйл ажиллагааг түр хориглох тухай" захирамж гаргалаа.


Тус захирамжаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотойгоор энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглов.


Мөн сонгуулийн санал авах өдөр (2024.10.11) соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Биеийн тамир, спортын газар, холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болголоо.


Ташрамд, 2024 оны аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуулиар Баян-Өлгий аймгийн 69100 орчим иргэн сонгуулийн 100 хэсэгт очиж санал өгөх бөгөөд аймгийн Сонгуулийн хороо холбогдох бэлтгэл ажлыг хангаж, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хоёр удаа шалгаад байна. 

Холбоотой мэдээ