"Отог" харваа амжилттай зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-17 15:19:36

Сүхбаатар аймгийн үндэсний сурын холбооны 2016 оны "Отог" харваа амжилттай зохион байгуулагдлаа. Отог харваа гэдэг нь тухайн жилийнхээ амжилтаа дүгнэж ирэх жилийн эхлэл болгон зохион байгуулдаг харваа юм.

Энэ жилийн отог харваанд Улаанбаатар хот болон зарим сумдаас харваачид зорин ирж цэц мэргэнээ сорьсон өрсөлдөөнтэй тэмцээн болсон бөгөөд Монгол Улсын спортын мастерын болзлыг Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургуулийн тамирчин, аймгийн мэргэн С.Байгальмаа, Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургуулийн харваач аймгийн мэргэн Одсайхан нар хангасан юм. Ингэснээр Сүхбаатар аймаг 4 спортын мастер, 1 спортын дэд мастертай болжээ. Сүүлийн жилүүдэд Үндэсний сурын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудын тоо нэмэгдэж байгаа юм.

1990 онд Сүхбаатар аймгийн хэдэн залуус нийлж өөрсдийн хүсэл сонирхлын дагуу Үндэсний сур гэдэг спортоор хичээллэн бэлтгэл сургуулилтаа хийж эхэлж байжээ. Сүхбаатар аймагт жилдээ аймгийн баяр наадмаар л ганц харагдаад өнгөрдөг байсан тус спорт өдгөө хүүхэд залуусын хичээллэх дуртай үндэсний спорт болон хөгжиж байна. Баруун-Урт сум төдийгүй Сүхбаатар аймгийн Сүхбаатар Эрдэнэцагаан, Наран, Халзан, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт гээд олон сумдад энэ спорт хөгжих үндэс суурь тавигдаад байгаа юм.  Энэ жилийн хувьд Сүхбаатар аймгийн тамирчдын дунд олон тэмцээнийг Сүхбаатар аймгийн үндэсний сурын холбоо, Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдтэй хамтран зохион байгуулсан юм. ингэснээр залуу харваачдын ур чадвар сайжирч, олон түмэнд тус спортыг сурталчилж байгаа чухал арга хэмжээ боллоо гэж холбогдох албаны хүмүүс дүгнэж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ