Улсын хэмжээнд 262.4 мянган тонн үр тариа хураажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 262.4 мянган тн үр тариа, 95.2 мянган тн төмс, 121.4 мянган тн хүнсний ногоо, 65.2 мянган тн таримал тэжээл хурааж, 403.7 мянган тн хадлан, 8 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.
Эдгээр тоон мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хураасан үр тариа 200.1 (4.2 дахин) мянга, хүнсний ногоо 19.4 (19 хувь) мянга, таримал тэжээл 11.3 (20.9 хувь) мянган тонноор нэмэгдэж, харин бэлтгэсэн хадлан 121.3 (23.1 хувь) мянга, хураасан төмс 17.4 (15.5 хувь) мянга, гар тэжээл 0.5 (5.5 хувь) мянган тонноор тус тус багассан байна.
Хураасан үр тариа 4.2 дахин нэмэгдсэн нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэх нь нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй учраас ургацаа эрт хураасан нь нөлөөлснийг ҮСХ мэдээлжээ.
Түүнчлэн, Орхон,
Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 3.3-52.4, Өвөрхангай,
Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт
төмсний 3.0-38.4, Увс, Дархан-Уул,
Ховд, Төв, Сэлэнгэ аймагт хүнсний
ногооны 2.2-50.9, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Увс, Төв аймагт таримал
тэжээлний 7.8-30.2 хувийг тус тус хураагаад
байна.
ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 286.9 мянган га талбайд уринш бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 8.3 мянган га буюу 3 хувиар нэмэгдсэн аж.