Гришма Брадхан: Арбитрын үйл ажиллагаа цахимжсанаар хариуцлагыг бий болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2024-10-15 11:29:09

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн хүрээнд арбитрын үйл ажиллагаа олон улсад цахимжиж байна.


Тодруулбал, маргаан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулж байгаа нь бүс нутгийн төдийгүй олон улсад арбитрын үйл ажиллагаа хувьсан өөрчлөгдөж, шинэ түвшинд гарч, тэр хэмжээгээр үйл ажиллагааг хөнгөвчилж, мөн хариуцлагагыг бий болгож байна. Энэ талаар МҮХАҮТ-д болсон “Монголын арбитрын өдөр-2024” уулзалтаар хэлэлцсэн юм.



Монголын Олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг энэ үеэр маргааныг түргэн шуурхай, шударга, хараат бус байдлаар шийдвэрлэх олон улсын стандартад нийцсэн Монголын Олон улсын арбитрын шинэ хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болж буйг мэдээллээ. Энэхүү дүрмийг дотоодын арбитрын ажиллагаанд мөрдөх талаар тэрбээр дуулгасан юм.


АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн болон тус улсын Хувийн эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (Commercial Law Development Program)-ийн дэмжлэгтэй зохион байгуулсан “Монголын арбитрын өдөр-2024” уулзалтад АНУ, ХБНГУ, БНХАУ, Хонгконг, Сингапурын тэргүүлэх мэргэжилтнүүд, арбитрч, өмгөөлөгч, хуулийн фирмүүд, төрийн болон бусад байгууллагын төлөөлөл биечлэн оролцож, туршлага солилцож, байр сууриа хуваалцсан юм.



АНУ-ын Худалдааны яамны Хөгжлийн хөтөлбөрийн газрын зөвлөх Гришма Брадхан тус улсын Худалдааны яамны хууль зүйн хөгжлийн хөтөлбөр нь хууль зүйн туслалцааг түнш улс орнууддаа үзүүлдэг гэдгийг тодотгов. Ингэж байж арбитрын үйл ажиллагаанд тэгш хандлагыг бий болгодог. Үйл ажиллагааны хувьд дэд бүтцийг санхүүжих, эрхзүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа.  

Тэрбээр, “Бид 2022 оноос Монголын Арбитрын үндэсний төвийн үйл ажиллагааг чадавхжуулж бэхжүүлэх хөтөлбөр дээр хамтарч ажиллаж ирсэн”-ийг тодотгоод,  хил дамнасан маргааныг шийдвэрлэхэд Монголын Арбитрын үндэсний төв чухал үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Арбитрын үйл ажиллагаа цахимжиж, тэр хэрээр хариуцлагыг бий болгож байна гэв.

 

Арбитрын үндэсний төв бизнес эрхлэгч нарт арбитр нь тэгш, хараат бус байдлаар маргаан шийдвэрлэх жишиг ямар байдаг гэдгийг бодитоор харуулах итгэл даасан байгууллага байх ёстойг тодотгон хэллээ.




“Монголын арбитрын өдөр-2024” олон улсын хурал Олон улсын арбитрын төвүүдийн дүрмийн өөрчлөлт, арбитрчдын ёс зүйн үндсэн асуудал, бүс нутгийн хэтийн төлөв, санхүүжилт гэсэн 5 сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүллээ.


Хэлэлцүүлэгт ХБНГУ-ын хуулийн “Херберт Смит Фрийхилс” фирмийн партнер Патришиа Насимиенто, арбитрч, зөвлөх Ш.Баяр, DLA Piper хуулийн фирмийн Токио хот дахь салбарын партнер, ICC-ын арбитрч Тони Эндриотис, БНХАУ-ын Олон улсын Эдийн засаг болон Худалдааны арбитрын Өмнөд хятадын дэд хорооны комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Жин Ши, Монголын Олон улсын Арбитрын арбитрч, Венецийн хуулийн “Ка Фоскари” их сургуулийн профессор Жоржио Фабио Коломбо нарын олон улсын арбитрын төлөөлөл оролцлоо. 




 

Холбоотой мэдээ